УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан боллоо. Байнгын хорооны 2020 оны 01 тогтоолоор байгуулсан Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
Ажлын хэсэгт би байгаа юм. Эмч хүний хувьд эмч, эмнэлгийн ажилчид халдвар авч байгаад үнэхээр харамсаж байна. Эмч нар ачаалал авч, хоол унд муу, байр хүйтэн байна гэж байна. Олон хоног тэгж ажилласнаар эсэргүүцэл нь буураад халдвар авах магадлал их байна. Үүн дээр анхаарч байна уу?
Нөгөө талаар ХӨСҮТ-ийн даргын талаар фэйсбүүкт тавьсан байна. ХӨСҮТ-ийн дарга хандив тусламжийн юмыг түгээхгүй, хуулийн байгууллагаар асуугдаж байна гэдэг үнэн үү?
Эмнэлгийн эмч, сувилагч нарын ар гэрийн асуудлыг анхаарах хүүхдүүдийг ясль, цэцэрлэгт хамруулах, тогны асуудлыг анхаарахгүй бол сая нэг сувилагчийн хүүхэд галд өртөөд амь насаа алдсан тохиолдол гарлаа.
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эмийн сангуудаар хэрэглэгдэж байна. Гэхдээ баг, сумын түвшинд эм хангалтын асуудал маш хангалтгүй байна. Үүнийг хуульд нь сайн тусгаж өгөхгүй бол зарим сумд нэг л эмийн сан байна. Хотын хэмжээнд сэтгээд байгаа учраас хэрэгжихгүй байх юм. Газар дээр нь очоод үзэх хэрэгтэй.
Ирэх жилийн төсөв хэтрэлттэй байна. Хөдөө аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ жил 800 сая төгрөгөөр төсөв хэтрүүллээ. Баян-Өлгийн хувьд нэг удаагийн бээлий ч хангалтгүй байна. Ийм асуудлуудаар яамнаас шалгалт явуулдаг юм уу анхаараад төсвийн хяналт хийхгүй бол ирэх жил бас л өртэй гаргаад та нарыг зовооно. Үүнд ямар дүгнэлт хийх гэж байна, шалгалт хийгдэх үү?