Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг хуулиар нарийн тодорхойлно
2021.01.08

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг хуулиар нарийн тодорхойлно

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр (2020.01.08) Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Олон улсын жишигт Эрүүл мэндийн даатгалын байгууллагад Засгийн газар, шимтгэл төлөгч ажилтан, ажил олгогчийн төлөөлөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч гэсэн гурван талын төлөөлөл тэнцүү эрхтэйгээр оролцдог. Манай улсад Эрүүл мэндийн даатгалын засаглалыг сайжруулж, шийдвэр гаргах үйл явцыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тодорхой зохицуулаагүйгээс зарим сөрөг үр дагавар бий болж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, дүрмийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зааснаар тухайн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.8-д зааснаар Үндэсний зөвлөл батлахаар тус тус заасан нь давхардал үүсгэж байна.

Хуулийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн төлөөллийг нарийн тусгаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийг оруулах, эрүүл мэндийн даатгалын багцад оруулах тусламж, үйлчилгээний шалгуур, аргачлал, журмыг гаргах, Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, дүрмийг батлах, эрх бүхий этгээдийг тодорхой болгох зэрэг өөрчлөлтийг хийхээр тусгасан байна. Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн чирэгдэлгүй өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас авах, шаардлагагүй эмчилгээ үйлчилгээг бууруулах, иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнийг бодитой тогтоох, чанарын хяналтыг сайжруулах зэрэг давуу тал үүснэ.