Эрүүл мэндийн даатгалыг "албан" болгож, хуулиар үүрэгжүүлнэ
УИХ-ын өчигдөрийн хуралдаанаар Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг 1993 онд баталснаас хойш есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулжээ. 2013 он гэхэд Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, 90 хувьд хүрсэн байна.
Харин сүүлийн үед эдгээр даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлага бий болсон байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан. Танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Гишүүд хуулийн нэрийг яагаад АЛБАН ЖУРМЫН гэж нэрлэх болсоныг лавлаж байлаа.
С.Бямбацогт асуув
Хуулийн нэрийг яагаад Албан журмын гэж нэрлэх болов?. Ингэж нэрлэх нь албадсан хүчидсэн юм шиг харагдаж байна. Өмнөх нэрээрээ байхад яагаад болохгүй байна вэ? Нэмэгдэхүүний байрын солиход нийлбэр нь өөрчлөгдөхгүй гэдэг шүү дээ. Өвдсөний дараа эмчлэх асуудал ярихаас гадна урьдчилан сэргийлэх асуудлыг анхаарах хэрэгтэй. Өвдөхгүйн тулд өглөө болгон гүйдэг, гимнастик хийдэг, фитнест явдаг, дугуй унадаг, зааланд тоглодог гээд биеийн тамираар хичээллэдэг, өвдөхгүйн тулд нилээдгүй хөрөнгө мөнгө зарцуулдаг иргэд байдаг. Тэгсэн мөртлөө эрүүл мэндийн даатгалаа олсон орлогоосоо байнга төлдөг. Тэр иргэд даатгалд төлж байгаа төлбөрөө ашигладаггүй, харин ч олж байгаа орлогоосоо нилээд мөнгийг урьдчилан сэргийлэхэд зарцуулж байна. Үүнд тодорхой ямар өөрчлөлт хийх вэ?
С.Эрдэнэ хариулав
Нэр томъёог заавал нэг өөрчлөх гэсэн хандлагаар хандаагүй. Албан журмын гэдэг нь хувь хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн өмнө албан ёсоор үүрэг хариуцлага хүлээх юм. Энэ бол үүрэг хариуцлага нь ганц хувь хүний асуудал биш улс орон, нийгмийн нэг том асуудал болдог. Үүнийг л хуулиар хүлээсэн үүрэг болгоё гэж байгаа юм. Шаардлагатай гэвэл хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт оруулж болно. Өвчнөөс урьдчилан сэргийлдэг иргэдийн урамшуулалтын асуудал орсон байгаа. Хэлэлцүүлгийг явцад урамшуулалтын хэмжээг нарийн тогтоож болно. Одоо төсөлд зарцуулсан мөнгөнийх нь тодорхой хувийг ЭМДаатгалын сангаас олгохоор тусгасан байгаа.
Ж.Батсуурь асуув
ЭМДаатгалын үндэсний зөвлөл дахин ажлын албатай байх шаардлага байна уу? Заавал албан журмын гэж нэрлэх хэрэг байна уу?
Үүний дараагаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан "Хуулийг дэмжиж байна. Өмнө нь энэ чиглэлээр судалгааны ажил хийж байсан. Ер нь Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэг цонхны зарчмаар явуулдаг систем рүү шилжинэ гэж ойлгож байна. Нэрэн дээр эрүүл мэндийн албан журмын гэхийн оронд ЭМДаатгалын тухай хууль гээд нэрлэчих хэрэгтэй" гэсэн санал хэлсэн юм.