МАН, МАХН хоёр нэгдэх ёстой гэсэн миний байр суурь хэвээрээ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.03.18

МАН, МАХН хоёр нэгдэх ёстой гэсэн миний байр суурь хэвээрээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Тэрбээр чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажилласнаа ярьсан юм. Түүнчлэн улс орон эдийн засгийн хямралтай үөд ард иргэдийн амьдрал хүнд байгааг нүдээр үзсэнээ хэлсэн. Тухайлбал, “Ард түмний амьдрал ихээхэн туйлдаж байна. Иргэд “набор" буюу таван цул авч иддэг болжээ. Эдийн засгийн өсөлт саарсан энэ хүнд үед жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид мөнгөгүй болж, өрөнд орохын хажуугаар НӨАТ-ын хуулиар далайлгаж байгаа нь хүндээр тусч эхэлжээ” хэмээлээ. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-МАН, МАХН хоёр Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэсэн нь нэгдэхийн эхлэл боллоо гэж шуугих болсон. Баярын дараагаар энэ талаар шийдэлд хүрнэ гэж байсан. Энэ юу болсон бол. Ер нь хоёр нам ирэх сонгуульд эвсч орох нь зөв эсэхэд таны байр суурь ямар байгаа вэ?

-Хоёр намын хамтын ажиллагаа эвтэй байх ёстой гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл байна. Би 2015 оны дөрөвдүгээр сард хэвлэлд ярилцлага өгөхдөө “МАН, МАХН хамтрах ёстой” гэж хэлж байсан. АН-ынхан ч манай хоёр нам эвсч сонгуульд оролцохыг дэмжиж байна. Энэ байр суурь маань хэвээрээ.

-Эрүүл мэндийн салбар эзэнгүй байсаар энэ удаагийн парламентын   бүрэн эрхийн хугацаа дуусах нь. Танай нам Эрүүл мэнд, спортын сайдын асуудлаа ярилцаж байгаа юу. Хэзээ шийдэх вэ?

-Эрүүл мэнд, спортын сайдыг томилох ёстой. Одоогийн байдлаар энэ салбар сайдгүйгээр барахгүй бүр түр орлон гүйцэтгэгчтэй байна. Шадар сайдын ажил их байхад эрүүл мэндийн салбарыг давхар удирдаж байгааг зөв гэж үздэггүй. Тиймээс би Ерөнхий сайдтай утсаар ярьж Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой гэдэг саналаа хэлсэн. Засгийн газрын тэргүүн “Онцгойлон анхаарна” гэсэн хариу өгсөн.