Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зохимжгүй гэж үзэж байгаа
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2016.03.21

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зохимжгүй гэж үзэж байгаа

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Наурызын баяр энэ жил нэлээд өргөн болж байх шиг байна. Соёлын төв өргөөнд болсон тоглолтын үеэр Ерөнхийлөгч үг хэлсэн. Өнөө жил ямар онцлогтой болж байна вэ?

-Юуны өмнө танай сонины хуудсаар Монгол Улсын нийт ард түмэнд түүний дотор Баян-Өлгийнхөндөө, мөн эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа казах иргэддээ нарны баяр Наурызын мэндчилгээг өргөн дэвшүүлж гэр бүлд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Наурыз баярын хувьд энэ жил нэлээд өргөн дэлгэр болж эхэлж байна.

Нийслэл хотод гэхэд Ерөнхийлөгчөөс эхлээд НЗДТГ, бусад төрийн холбогдох байгууллагууд мөн залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагууд, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл гээд олон газар Наурызыг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, энэ сарын 5-нд Улаанбаатар хотноо БОНХАЖЯ, Монголын аялал жуулчлалын нэгдсэн холбоо, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Чингисийн хүрээ компани, Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтраад “Бүргэдийн баяр”-ыг амжилттай зохион байгууллаа.

Өнөө жилийн Наурызын баярын онцлог үүнтэй холбостой гэж хэлж болохоор байна. Бүргэдийн баярт Баян-Өлгий аймгийн сум болгоноос төлөөлөл ирж оролцсон. Түүн дотроо дэлхии даяар бүргэдчин охин гэж танигдсан Н.Айшолпан ирж оролцсоноороо онцлогтой гэж үзэж байгаа. Энэ дашрамд хэлэхэд казах түмнийг бүргэд  домборгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бүргэдийг гаршуулж түүгээр аялал жуулчлалын болоод зугаа цэнгэл, спортын үйл ажиллагаа явуулж ирсэн казак түмний үнэ цэнтэй зан заншил, соёлын өвийг 13 настай казах охин дэлхий нийтээр баримтат киногоороо танилцуулсан. Энэ нь манай эх орны нэрийг дэлхий дахинд танилцуулсан арга хэмжээ боллоо гэж бодож олзуурхаж байгаа.

-Ер нь казах охид бүргэдээр ан хийдэг үү?

-Гол төлөв эрчүүд, ахмад настай улсууд гэртээ бүргэдийг гаршуулж, тэжээж ирсэн уламжлалтай л даа. Гэхдээ бүсгүй хүн ч бүргэдээр ан авлах явдал дээр үед байсан. Жишээ нь Казахстаны алдарт зохиолч Мухтар Ауэзовын “Абайн зам" романд өгүүлсэн байдаг. Дээр хэлсэнчлэн казах түмнийг домборгүйгээр төсөөлөх аргагүй. Тийм учраас Баян- Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл сүүлийн таван жилийн турш “Домборын эгшиг” хэмээх сайхан концертыг зохион байгуулж ирлээ. “Домборын эгшиг 2016”-г энэ сарын 18- ны өдөр Соёлын төв өргөөнд толилуулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч зохион байгуулсан уг арга хэмжээнд СУИС, ХААИС, Хөгжим бүжгийн сургууль болон Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод амьдарч, сурч байгаа авьяаслаг иргэдийн төлөөлөл оролцсон. Уг тоглолтод Монгол Улсын Ерөнхийлөгч биеэр оролцож нийт казах түмэндээ Наурызын баярын мэндчилгээг дэвшүүлснээрээ онцлогтой боллоо гэж бодож байгаа.

-Хаврын чуулган хуралдах дөхчихлөө.Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс хэр олон хууль оруулахаар төлөвлөж байгаа талаар сонирхуулахгүй юу?

-Хаврын чуулган энэ УИХ- ын бүрэн эрхийн хугацааны хамгийн отгон чуулган. Нөгөө талаар зургадугаар сарын сүүлчээр ээлжит сонгууль болох учраас цаг хугацааны хувьд их богино хугацаанд чуулах ийм онцлогтой чуулган гэж харж байна. Гэхдээ энэ богино хугацаанд ч гэсэн бид тал талаасаа ярьж байгаад зайлшгүй гаргах ёстой хуулиуд бий. Миний бодож байгаагаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийн анхны хэлэлцүүлэг үндсэндээ дуусах шатандаа явж байна. Үүнийг хэлэлцэж батлах асуудал дээр онцгой анхаарах ёстой гэж бодож байгаа. Учир нь төрийн албыг улс төрөөс ангид, мэргэшсэн тоггвортой байлгах тал дээр онцгой анхаарал хандуулах ёстой гэж бодож байна.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нь бидний хэлж заншсанаар ерөнхий чиг үүргийн яамдаас бусад яамдын сайдыг гаднаас томилох юм. Өөрөөр хэлбэл Хууль зүй, Байгаль орчин, ногоон хөгжил, Сангийн яам гэдэг ч юм уу цөөхөн сайдыг давхар хашиж болно. Бусад нь дан байсан нь зүйтэй. Хууль тогтоох дээд байгууллагыг гүйцэтгэх засаглалын үндсэн үүргээс заагтай болгоход энэ хууль ач холбогдолтой. Ерөнхийлөгч бол хоёр дахь удаагаа энэ хуулийг оруулж байгаа учраас зайлшгүй батлах ёстой гэж хувь гишүүнийхээ зүгээс үзэж байгаа.

Мөн Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн бариад буцсан. Гэхдээ үүнийг зарим гишүүд ч өргөн мэдүүлж байх" шиг байна. Ерөнхийлөгчийн зүгээс ч дахин өргөн мэдүүлнэ гэж би ойлгосон. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж гаргахгүйгээр өнөөдрийн энэ байж байгаа байдлаараа 2016 оны сонгуулийн дараа ямар ч нам, улс төрийн хүчин засгийн эрхэнд гарсан байдал өөрчлөгдөхгүй. Тийм учраас улс төрийн намын шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих болно. Үүнийг зарим хүн Ардчилсан намынхан өөрсдөө төр барьж байх үедээ хэрэгжүүлсэнгүй. Сүүлд нь хэрэгжүүлэхээр батлах гэж байна гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тэртэй тэргүй ээлжит сонгуультай холбоотойгоор энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад гурван сар хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдэж байна шүү дээ. Энэ хооронд Засгийн газрыг хууль гаргах замаар бужигнуулах нь ард түмэнд хэрэггүй. Баахан сандал ширээ зөөсөн асуудал гарна шүү дээ. Тийм учраас энэ хууль дараагийн Засгийн газарт нөлөөлөх нь зөв гэж үзэж байгаа юм.

-Та Сонгуулийн тухай хууль дээр ажиллаж байсан хүн. Ш.Түвдэндорж гишүүн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаад байгаа. Жагсаалтын  гишүүдээс хасч Улаанбаатар дахь тойргууд дээр нэмье гэснийг та юу гэж харж байгаа вэ?

-Ер нь бол гишүүдийн  хууль санаачлах эрх бий. Энэ асуудал дээр би хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ хувь  гишүүнийхээ хувьд би өөрөө  байр сууриа илэрхийлэхэд  ээлжит сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зохимжгүй юм. Яагаад гэхээр  2003 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан Монгол Улсад хүний эрхийг хангах тухай хөтөлбөрөөр бол ээлжит сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт байж байгаа. Энэ нь цаанаа УИХ- д суудалтай нам, эвслүүд,  улстөрчид гишүүд магадгүй өөрсдөдөө зориулж хууль гаргахаас болгоомжилсон  хүний эрхийг хангахтай холбоотой асуудал юм. Тийм учраас үүнд болгоомжтой хандах ёстой.

-Ер нь иргэдээр дүнгээ тавиулах хугацаа нэлээд ойртчихлоо. Өнгөрсөн дөрвөн жилд эрх барьсан  намынхаа хийсэн ажлуудыг  та хэрхэн дүгнэж байна вэ?

-Миний бодож байгаагаар  өнгөрсөн дөрвөн жилийн хугацаа улс төрийн орчны хувьд тийм ч амар байгаагүй. Маш хүнд нөхцөлд ажилласан л даа. Учир нь шинэ Засгийн газар бүрдээд эхний хоёр жилдээ өмнөх Засгийн газраас баахан өртэй хэцүү нөхцөлийг хүлээж авсныг засах чиглэлээр ажилласан. Өөрөөр хэлбэл 2008-2012 онд тухайн үеийн Засгийн газар иргэн болгонд 1.5 сая төгрөг өгнө гээд амласан амлалтаа биелүүлэхийн тулд, зарим хэсгийг хэсэгчлэн биөлүүлэх гээд баахан өр тавьсан байсан шүү дээ.

Тэр өрийг барагдуулахын тулд Шинэчлэлийн Засгийн газар эхний хоёр жилд хамаг ажлаа дайчлан ажилласан. Нөгөө талаар мөнгө төгрөг хомс байгаа нөхцөлд шинээр бонд олж бондын хөрөнгөөр эдийн засгийг өргөжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн ийм он жилүүд байлаа гэж бодож байгаа. Нөгөө талаар энэ хоёр жилд улс төрийн хүчтэй сөрөг хүчин Засгийн газрын тавьсан зорилтыг хэрэгжүүлэх алхам болгонд их хүчтэй эсэргүүцэж ажилласан. Тэгээд болохгүй болохоор нь Засгийн газрын бүрэлдэхүүнд урьж ажиллуулсан. Гэтэл бас л жил орчим хугацаанд ажиллахдаа ч гэсэн улс төрийн нөхцөл байдалд олигтой дэвшил гарсангүй. Ингээд дахиад дараагийн шинэ Засгийн газраар ажиллаад явж байна.

Ийм улс төрийн хүндрэлтэй нөхцөлд бас чамлахааргүй өөрчлөлтүүд хийсэн гэж харж байгаа. Хамгийн гол нь бүтээн байгуулалтын ажлууд их өрнөсөн. Аймгуудын хооронд автозамаар холбох ажил нэлээд том ахиц дэвшил гарсан. Сумын төвийн шинэчлэлийн эхний суурийг тавьсан. Энэ цаашаа үргэлжлэх ажил юм. Барилгын салбарт том өөрчлөлт орсон. Улаанбаатар хотын гудамж талбаи яаж өөрчлөгдсөн нь бэлхнээ харагдаж байгаа.

Дээр нь хамгийн гол асуудал бол Орон нутгийн хөгжлийн сангаар сум болгонд боломжийн хэрээр бүтээн байгуулалтын ажил очсон, шинэ ажлын байр бий болгосон. Үйлдвэр хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч үйлдвэржилтийн хувьд бас нэлээд шинэ ажлын байрыг бий болгосон байгаа шүү дээ. Ийм зорилтуудыг шийдсэн байгаа. Энэ бол хэдийгээр улс төрийн хувьд хүндрэлтэй нөхцөлд ажилласан ч гэсэн асар том амжилтад хүрсэн гэж би хувьдаа дүгнэж байгаа.

-Хууль эрхзүйн хувьд?

-Хууль эрхзүйн хувьд олон хууль баталсан. Жишээ нь Өршөөлийн хуулийг баталлаа. Хэдийгээр удаан хугацаанд хүлээгдэж гарсан ч гэсэн зөв хууль болсон гэж бодож байна.

Мөн Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль гарлаа. Энэ бол хууль эрхзүйн хувьд бас л том шинэчлэл болсон. Дээр нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гэсэн ирээдүйг харсан том бодлогын баримт бичгийг бид баталж гаргалаа. Үүнийг үнэхээр энэ УИХ-ын онцгой гавьяа гэж шууд хэлэх нь зүйтэй. Ер нь урт хугацааны бодлогын эрхзүйн орчин байхгүй байсан. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гэж бид баталлаа шүү дээ. Энэ бас их чухал хууль болсон гэж бодож байна.

-Та орон нутаг руугаа очиж ажиллав уу?

-Байнгын хорооны дарга гэдэг чинь нэг талаас ажил ихтэй. Бараг аргамжаатай юм шиг ажилладаг шүү дээ. Өвлөөс хойш орон нутагт очих боломж гарсангүй. Наурызын баяраар яваад бас сонгогчдодоо тайлангаа тавья гэж бодож байна даа.

-Саяхан цаг агаар нэлээд муудлаа. Баян-Өлгий аймагт хүндэрсэн талаар мэдээлэл гарч байсан. Одоо нөхцөл байдал нь ямар байгаа бол танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Би бол өдөр болгон сонгогдсон тойргийнхоо мэдээг авч байна л даа. Монгол Улсын нийт нутаг даяар их цас орсон. Ер нь өвлийн нөхцөл байдал их хүндрэлтэй байсан. Тэр дотроо Баян-Өлгий аймагт ч гэсэн амаргүй өвөл болсон л доо. Гэхдээ манай хөдөлмөрч малчид маань өвлийн хахир хүйтнийг давж гараад урин дулаан цагтай золгож байна. Гэхдээ Баян-Өлгий аймагт хүндэрсэн хэд хэдэн сум байна. Баяннуур, Цэнгэл сум, Улаанхус, Сагсай сумын зарим багууд гэх мэт. Эдгээр сум дээр намар их хэмжээний цас орчихоод нэмж ороод байсан учраас уулархаг газрын тачир ургамалтай бэлчээрт мал бэлчихэд нэлээд хүндрэл үүссэн.

Энэ нөхцөл байдлыг бид онцгой анхаарч ОБЕГ-ын дарга генерал Т.Бадралд удаа дараа танилцуулсны үндсэн дээр эхний ээлжинд 200 тонн өвсийг Баян-Өлгийд хуваарилсан. Удахгүй мөн 300 тонн өвс тэжээл очих гэж байгаа. Дээр нь орон нутаг олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжийг бас чиглүүлэхээр ажиллаж байна.