Америктай хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв байгуулна
Хөдөлмөрийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг. Жил бүр нийгмийн зорилтод бүлгүүдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээ авдгийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ханддаг.
Өнгөрсөн жилүүдэд хөтөлбөрт хамрагдан хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмших, шинээр ажлын байр бий болгох, бизнестээ гарааны дэмжлэг авах гээд олон чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд үр шимийг нь хүртээд байгаа.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийж буй ажил хөтөлбөрөөр хязгаарлагдах ёсгүй хэмээн үздэг бөгөөд энэ хүрээнд нэлээд зүйлийг санаачлан хэрэгжүүлж эхлээд буй юм. Сайд саяхан АНУ-д ажлын айлчлал хийх үедээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төвийн тусгай зөвлөх Женифер Хеуман болон тус улсын Хууль зүй, Боловсролын яамны холбогдох хүмүүстэй Вашингтон хотноо уулзахдаа Монголд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа мэдээллийн нэгдсэн төв байгуулахад хамтрах талаар хөнджээ.
Америкийн тал сайдын тавьсан саналыг хүлээн авч энэ төвийг хамтарч байгуулах боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэргэжлийн ур чадвар олгох сургалт явуулдаг, ажилд ороход шаардлагатай мэдээллийг өгөх зэргээр үйлчилгээ үзүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар бүхий л төрлийн судалгаа явуулахаас гадна төртэй холбох нэг ёсны гүүр болдог ийм төв Америкийн муж бүрт бий. Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулдаг энэ байгууллагатай адил төвийг Монголд байгуулснаар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүх төрлийн төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг дороос үзүүлэх боломжтой юм. Мөн ажлын байр ч тэр хэрээр нэмэгдэх сайн талтай гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ярьж байна.