Канад Улсын Хууль зүйн яамны төлөөллийг хүлээн авч уулзав
Канад Улсын Хууль зүйн яамны төлөөллийг хүлээн авч уулзав
2016.02.23

Канад Улсын Хууль зүйн яамны төлөөллийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар Канад Улсын Хууль зүйн яамны газрын захирал Серж Лорти, Шүүхийн хэрэг эрхлэх холбооны комиссын газрын захирал Олег Шэйков нарыг өнөөдөр /2016.02.23/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын гишүүд уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад хуулийн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн талаар танилцууллаа.

Канад Улсын Хууль зүйн яамны газрын захирал Серж Лорти Улсын Их Хурлын гишүүдийг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хууль, шүүхийн салбартаа Канад Улсаас ямар туслалцаа, дэмжлэг авах хүсэлтэй байгаа талаар тодрууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал Эрүү болон Зөрчлийн тухай хуулиудыг 2015 оны намрын чуулганаар баталлаа. Одоо Хууль зүйн байнгын хороон дээр Цагдаагийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг олон хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Канад Улсаас хууль, шүүхийн талаар тодорхой нэг зүйл дээр зөвлөгөө авах нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат сүүлийн жилүүдэд Монгол Улсын хуулийн салбарт шинэчлэл хийгдэж байгаа гэдгийг дуулгаад энэхүү шинэчлэлийн хүрээнд хуулиудыг батлахад Канад Улсын туршлага ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг онцлов. Мөн тэрээр цаашид Канад Улсад мэргэжилтнүүдээ сургах, ижил төстэй хуулиуд хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь танилцуулах чиглэлээр хамтран ажиллах нь чухал байна гэдгийг тэмдэглэн хэллээ