Батцогт.Д 2016.03.23 | Сайт: News.mn

Ховд аймгийн Политехникийн коллежид 1150 гаруй оюутан суралцаж байна

Ховд аймгийн Политехникийн коллежид 1150 гаруй оюутан суралцаж байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллах үеэрээ Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцав.

Ховд аймгийн Политехникийн коллеж нь  Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завхан аймгаас ирсэн 1150 гаруй оюутантай үсчин гоо сайхан, оёдол эсгүүр, талх нарийн боов, барилга, бетон арматур зэрэг 24 мэргэжлээр сургалт явуулдаг байна. Зарим тохиолдолд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгаас  ах дүүгээ бараадан ирж суралцдаг тухай сургуулийн удирдлагууд танилцуулав. Бүх сургалтыг анхнаас нь үе шаттайгаар явуулдаг учраас  нийт төгсөгчдийн 70 орчим хувь нь ажлын байртай болдог   байна. 

Тус сургуульд Улаанбаатар хотын “Ур хөдөлмөр” сургалтын төвийн багш нар оёдлын түр сургалтыг зохион байгуулж байна.  Энд суралцаж буй хүмүүс богино хугацаанд амжилт олж буй, өнөөдрийн хувьд бүгд өөрсдийн хийсэн хувцсаа өмссөн байгааг сургагч багш нь хэлж байлаа. Нийтдээ 40 хүн суралцаж байгаагийн 10 орчим хувь нь хувиараа захиалгаар дээл оёдог бол бусад нь өөр ажил эрхэлдэг, юм оёж үзээгүй хүн байгаа аж.

“Ур хөдөлмөр” сургалтын төвийн зөвлөх багш Ч.Саранцэцэг энэ удаагийн сургалтаар анхан шатны мэдлэг олж авсан хүмүүсийг  дунд шатанд суулгах,  дунд шатны чадвар эзэмшсэн хүмүүсийг гүнзгий шатанд суулгах боломж бий эсэхийг УИХ-ын гишүүнээс тодруулав. Эдгээр оёдолчид “бүл” болж ажиллах боломжтой. Баянхонгор, Өвөрхангайд гэхэд манай сургалтын төвийн бэлтгэсэн  хэд хэдэн “бүл” ажилладаг. Эхний ээлжинд Монгол хувцасны сургалт явуулсан. Дараагийн ээлжинд сургалт явуулах боломж гарвал орчин үеийн загвараар европ хувцас хэрхэн хийх талаар заах бодолтой байна. Хотод яваад очиход хаанаас материал авах, ямар үнэтэй авах вэ гэдгээ надаас асууж эргэх холбоотой ажилладаг гэв. 

Д.Батцогт, хөдөө гадаагүй хамгийн сайн хөгжиж байгаа зүйл бол монгол хувцасны зах зээл. Ганц ганцаараа ажиллах биш хэд гурваараа нийлээд ажиллавал илүү үр дүнтэй. Монгол хувцасны зах зээл том байр суурь эзэлж байгаа энэ үед ховдчууд заавал Улаанбаатараас зөөх шаардлаггүй. Эндээ чанартай үйлдвэрлэлээ явуулаад Улаанбаатарт аваачиж зарах боломж байна. Түүнчлэн Ховдын 80 гаруй мянган иргэнээс гадна хөрш зэргэлдээ аймгуудад худалдаалах гарц бий.   Цаашид олноороо “бүл” байгуулаад ажиллавал аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хамрагдаж 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Миний хувьд ахисан түвшний сургалт зохион байгуулах боломж бий эсэхийг судална. Энэ тухай Хөдөлмөрийн сайдад уламжилж тусалж болох байх гэв.