УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховдод ажиллаж байна
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2016.03.14

УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховдод ажиллаж байна

Намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр энэ удаад аймгийнхаа бүх сумдаар тойрч ажиллах бөгөөд Дөргөн, Чандмань, Зэрэг, Дарви, Цэцэг сумын Хөшөөт багийн иргэдтэй уулзаад байна.

Тэрээр энэ удаад УИХ-ын 2015 оны намрын чуулганаар хэлэлцсэн онцлох хуулиудыг орон нутгийн иргэдэд танилцуулж байна. Тухайлбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Хүүхэд хамгааллын болон Хүүхдийн эрхийн тухай, Хамтын тэтгэвэр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай гээд олон хуулийн ач холбогдлыг танилцуулав. Орон нутгийн иргэдийн хувьд Ховд аймагт хийсэн бүтээн байгуулалт, цаашид хийх томоохон бүтээн байгуулалтын талаар асууж тодруулж байв.

Дөргөн сумын ахмад багш Д.Алтанхүү байнгын хорооны даргад хандан “Монголын телевизүүд зөрүүтэй мэдээлэл өгдөг нь толгой эргүүлэхэд хүргэж байна. Ялангуяа  Монголын үндэсний олон нийтийн телевиз сар бүр татвар авдаг. Гэтэл орон нутагт амьдарч буй бидэнд хангалттай мэдээлэл өгч чадахгүй байгааг дамжуулж өгөхийг хүслээ. Түүнчлэн чанартай, чанаргүй их дээд сургуулиуд олон байна. Сургалтын төлбөр авч бизнес л хийж байвал сурлагын чанар, суралцагчийн ахиц энэ тэрийг боддоггүй. Тиймээс төр төмөр нүүрээ харуулаад заримыг нь цэгцэлж өгөөч гэсэн санал хэлэв. Мөн Чандмань сумын ахмад н.Дашзэвэг орон нутгийн сонгуульд намын квот байгаа юу гэдгийг тодруулсан бөгөөд орон нутгийн сонгууль квотгүй болсон мэдээлэлд талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Дөрвөн сумын хувьд цас зуд багатай хавар сайхан болж байгаа бол Чандмань сумын зарим багт цас ихтэй байна.