МАН-ын бүлэг Аж ахуйн нэгжүүдийг торгохгүй байхыг хүслээ
2016.03.28

МАН-ын бүлэг Аж ахуйн нэгжүүдийг торгохгүй байхыг хүслээ

УИХ дахь МАН-ын бүлгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийг торгохгүй байхыг хүссэн албан тоотыг Сангийн сайд Б.Болорт илгээлээ.

Нийслэл болон хөдөө, орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгч олон мянган иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Баар, рестораны холбоо, “Да хүрээ трейд”, “Нарантуул трейд” худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн холбоо, хүнсний дэлгүүрийн эздийн төлөөллөөс НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, үр дагаврын талаар олон санал, гомдлыг МАН-ын бүлэгт ирүүлсэн. Ялангуяа татварын албанаас худалдаа эрхлэгчдийг өндөр үнэтэй кассын машин, программ хангамж авахыг тулган шаардаж, аваагүй тохиолдолд торгууль ногдуулж байгаа нь орлогогүй болсон аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт үүсгэж байгаад иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

 Бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг судлан үзээд УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд НӨАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна.
 
Тиймээс Засгийн газар хуульд заасан хугацаанд саналаа ирүүлэх хүртэл жижиг аж ахуйн нэгж, иргэдийг торгохгүй байхыг уг албан тоотод онцолжээ.