Зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуульд 700969 албан хаагч, ард иргэд хамрагджээ
Засгийн газрын тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу улс орон даяар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиог туршин шалгадаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дамжуулах, зарлан мэдээллийн дохиогоор нүүлгэн шилжүүлэх дадлага олгох зорилгоор Нийслэл болон орон нутгийн Онцгой байдлын газрууд 443 удаа сургалт зохион байгуулж, 436696 ард, иргэдийг хамруулсан байна.
Дадлага сургуулийн бэлтгэл ажлын болон дадлага сургуулийн явцыг олон нийтэд 1211 удаа, 56 телевиз, 45 FM радио, 778 сирень дохиолол, 41 зөөврийн сирень, 618 тээврийн хэрэгсэл дээр суурилагдсан дуут дохио, 550 суурин чанга яригч, 58 зөөврийн чанга яригч, 55 зөөврийн узель, 1150 дотор зарлан мэдээллийн хэрэгсэл буюу хонх, 85 мэдээллийн электрон самбараар дамжуулан хүргэж ажилласан.
Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд 286 гамшгаас хамгаалах алба, 588 мэргэжлийн анги, 2312 ААНБ, 700,969 ард иргэд хамрагдсан нь өнгөрсөн онтой харьцуулахад иргэдийн оролцоо 3,3 хувь, ААНБ-ын оролцоо 31,5 хувь, Гамшгаас хамгаалах албаны оролцоо 11 хувь, мэргэжлийн ангийн оролцоо 5,6 хувиар тус тус өссөн байна.
Байгууллагын ойролцоо 1689 “Цугларах талбай”-г тодотгож, 1015 талбайг тэмдэгжүүлсэн бөгөөд 35425 иргэнээр “Яаралтай тусламжийн цүнх” бэлтгүүлж, дадлага сургуулийн үед хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгөв.