Манай даатгалын зах зээлд 30 орчим актуарчийн эрэлт байна
Даатгалын компаниуд даатгалын жилийн хураамж, нөхөн төлбөрийн хэмжээг хэр үнэн бодитой, зөв аргачлалаар тооцоолдог талаар мэргэжилтэнтэй ярилцсанаа хүргэж байна.
Даатгалын салбарт тулгамдаж буй асуудлууд юу байна вэ?
Би математикийн салбарын мэргэжилтэй учраас мэргэжлийнхээ үүднээс манай улсын даатгалын системд даатгалын математик буюу актуартай холбоотой хэд хэдэн тулгамдсан асуудлууд байна гэж хардаг.
Манай улсын даатгалын салбарын тухайд Санхүүгийн зохицуулах хорооноос анх 2006 оны 11 дүгээр сард 4 хуулийн этгээдэд ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш өнөөгийн байдлаар ердийн даатгалын 15 компани, урт хугацааны даатгалын 1 компани, давхар даатгалын 1 компани, нийт 17 хуулийн этгээд даатгалын үйл ажиллагаа эрхэлж байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд даатгалын салбарын зохицуулалт, хяналтад эрх зүйн орчинг бүрдүүлэхэд нэлээдгүй ололт дэвшил гарч байгаа боловч даатгалын үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэл болох актуар математик, актуар тооцоолол, актуар боловсролын хөгжлийн асуудал алхам ч урагшлаагүй байгаа нь тулгамдаж буй асуудлуудын нэг яахын аргагүй мөн.
...Манай улсад актуарын судалгаа, шинжилгээ хийж байгаа эрдэмтэн, судлаач бараг байхгүй. Актуар шинжлэх ухаан, актуар математик, актуар боловсролын талаар монгол эх хэлээр бичсэн ном зохиол, сурах бичиг, гарын авлага ч одоохондоо гараагүй байна...
Өнөөгийн байдлаар манай улсын даатгалын салбарт нийт 70-аад журам үйлчилж байна. 2004 онд батлагдсан Монгол Улсын “Даатгалын тухай” хуулийн 14 дүгээр зүйлд “Даатгалын багц дүрэм”-д хамаарах дүрэм журам, заавар, нөхцөл, шаардлага, хэмжээг 21 асуудлаар тодорхойлсон байдаг. Тодорхойлсон бүхий л 21 асуудлаар зохицуулалтын журмууд гарсан боловч тэдгээрийн дотор мэргэжлийн мэдлэг, чадвар дутсанаас дутуу дулимаг боловсруулсан, зохицуулах хүчин чадал буурай, чадамжгүй журмууд нэлээдгүй.
Тухайлбал?
-Даатгалын хураамжийн хэмжээ тооцох,
-Ердийн даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих,
-Даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох,
-Даатгагчийн үйл ажиллагаанд зайнаас хяналт тавих,
-Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох болон актуарын стандарт, үнэлгээ, актуар тайлан гаргах
Эдгээр журмаар зохицуулах асуудлууд бүгд актуар математикийн мэдлэг шаарддаг. Гадна талаас нь өнгөц харахад “Даатгалын багц дүрэм”-д дурдсан бүхий л асуудлаар зохицуулалтын журмууд байгаа хэдий ч актуартай холбоотой асуудлыг зохицуулах журмууд нь зохицуулах чадамжгүй байгаа нь манай улсад актуарын системтэй мэдлэг боловсрол олгох суурь байхгүйтэй холбоотой гэж боддог.
Ер нь актуар боловсролын хөгжил мэргэжлийн түвшинд биш сонирхогчийн хэмжээнд байна л даа.
Актуар боловсролын хөгжлийг мэргэжлийн түвшинд хүргэх нь дан ганц СЗХ-ны барьж аваад хийчих ажил биш л дээ. Боловсролын байгууллагуудтай уялдах нь зүйтэй. Манай улсын даатгалын зах зээлд актуарчийн мэргэжлийн хэрэгцээ нэн бага, улсын хэмжээнд гучаад хүн л байхад хангалттай болов уу.
...Ийм хязгаарлагдмал эрэлттэй нөхцөлд актуарч мэргэжлийн сургалт явуулах дээд боловсролын байгууллага ховор л доо. Түүнээс гадна олон улсын хэмжээнд актуарчид тавигдах шаардлага өндөр...
Тэгвэл олон улсад актуарч хүнд ямар шаардлага тавьдаг вэ?
Актуар боловсролын стандартыг Олон улсын актуарчдын холбоо (International actuarial association-IAA)-ноос 2013 онд баталсан боловсролын стандартын шинэ хувилбарт актуарчийн эзэмшвэл зохих боловсрол, мэдлэгийн түвшинг 10 хүрээгээр зохион байгуулсан шалгалтуудыг амжилттай өгсөн хүнийг актуарч гэж хүлээн зөвшөөрдөг. Үүнд:
-Санхүүгийн математик
-Магадлалын онол ба математик статистик
-Эдийн засаг
-Нягтлан бодох бүртгэл
-Загварчлал
-Статистикийн аргууд
-Актуар математик
-Хөрөнгө оруулалт болон хөрөнгийн шинжилгээ
-Актуар эрсдлийн удирдлага
-Мэргэшил
Актуар (actuary) гэсэн үгнээс улбаалан, даатгалын үйл ажиллагааны онолын үндсийг бүрдүүлдэг мэдлэгийн салбарыг актуар шинжлэх ухаан (actuarial science) гэж дэлхий нийтээр нэрлэж заншсан.
Актуар математик (даатгалын математик) нь даатгалын компанийн санхүүгийн нөөцийг тооцоолох, эрсдлийг үнэлэх, хураамжийн хувь хэмжээг тодорхойлоход чиглэсэн математикийн болон загварчлалын арга хэрэгслийг өөртөө багтаасан мэдлэгийн систем. Магадлалын онол болон математик статистикийн арга техникүүдийг түлхүү хэрэглэдэг. Актуар математикийн онолын мэдлэгийг практик хэрэглээнд нийцүүлсэн арга, аргачлалыг актуар тооцоолол гэдэг.
XIX зууны дунд үеэс дэлхийн нэртэй математикч, инженер, хуульч, эдийн засагчид даатгалын системийн шинжлэх ухааны үндэслэлтэй аргуудыг боловсруулахаар ажиллаж эхэлснээр дэлхий нийт актуарын хөгжилд анхаарлаа хандуулж эхэлсэн гэж үздэг.
XX зууны сүүл үе буюу манай оронд дөнгөж 20-иод жилийн өмнөөс л актуарын тухай яригдаж эхэлсэн. Тиймээс ч манай улсад даатгалын актуарын орчин төлөвшиж амжаагүй л байна.
Даатгалын актуарын орчин гэж та юуг хэлээд байна?
Актуарын орчин гэж оролцогч талууд, актуарын үйл ажиллагааны стандарт, зохицуулалтын хүрээний журмууд гэсэн гурван хүчин зүйлээс тогтдог тогтолцоог хэлдэг.
Оролцогч талуудын тухайд даатгагч, актуарч, актуарчдын байгууллага, эрх бүхий байгууллага гэсэн 4 тал байна. Манай улсын хувьд актуарч, актуарчдын байгууллага гэсэн ойлголтууд нэг мөр болж цэгцрээгүй байна. Эрх бүхий байгууллага гэвэл Санхүүгийн Зохицуулах Хороо байна. Манай улсын даатгалын салбарын тухайд актуарын үйл ажиллагааны стандарт гэж байдаггүй.
Актуарын үйл ажиллагааны стандарт нь актуарын орчинд байнга дагаж мөрдөх арга, аргачлал, зарчмуудын систем учраас аль болох тогтвортой байх шаардлагатай. Актуартай холбоотой аливаа зохицуулах журам энэ стандартад нийцэж, зөрчилдөхгүй байхаар боловсруулж байх ёстой.
Зөв сайн стандарттай байгаад, түүнийгээ чанд баримталж ажиллавал чанартай бүтээгдэхүүн гардаг.
Нэг жишээ дурдъя. Даатгалын хураамжийн хэмжээг тооцох аргачлалын тухай журамд, “Даатгалын хураамжийн хэмжээг тооцохдоо оновчтой актуар аргачлалуудыг сонгоно” гэж зааснаас яг ямар аргачлалаар хэрхэн тооцох нь тодорхойгүй байдаг.
Даатгалын хураамжийн хэмжээ нь эрсдэлд зориулсан хэсэг, зардал, ашиг гурваас тогтдог. Эрсдэл нь магадлалт үзэгдэл учраас эрсдэлд зориулсан хэсгийг актуар математикийн аргачлалаар тооцно. Энэ аргачлалыг актуарын үйл ажиллагааны стандартын дагуу тодорхойлж, хувьсах дээд, доод хязгаарыг тогтоосон байх ёстой. Гэтэл ийм стандарт байхгүйгээс даатгалын компаниуд нэг хэсэг хураамжийн хэмжээ буюу үнийг унагаж өрсөлдсөн.
...Даатгалын компаниуд үнийн өрсөлдөөн хийж байна гэж баахан ярьцгаан, шалтгааныг нь тодорхойлж чадахгүй, бурууг нь жижиг компаниуд руугаа тохсон...
Үнэн хэрэгтээ, ягштал баримтлах стандарт байхгүйгээс ийм өрсөлдөөн гарч байгаа юм. Тиймээс “Актуарын үйл ажиллагааны стандарт” боловсруулсанаар актуарын үнэлгээ, тайлан, хураамжийн хувь хэмжээний тооцоолол, нөөц сан, даатгалын эрсдэл, эрсдлийн хэмжээ, төлбөрийн чадвар, эрсдэлд суурилсан хяналт шалгалт гээд актуартай холбоотой бүхий л асуудлууд төлөвшинө гэж боддог.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд ямар арга, аргачлалаар эрсдлээ тооцож, даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээгээ тогтоож байна?
Би өөрөө даатгалын компаниудын үйл ажиллагааг хянадаг хүний хувьд эдгээр компанид тодорхой тооцоолол, аргачлал байдаггүй гэдгийг хэлье. Одоогоор яг ямар аргачлал, юуг үндэслэж эрсдлээ тооцож, даатгалын нөхөн төлбөр, хураамжийн хувь хэмжээгээ тооцоолоод байгаа нь ойлгомжгүй, мэдэгддэггүй. Хураамж нь эрсдлийн, нэмэлт гэсэн хоёр хэсгээс бүрддэг.
Нэмэлт хураамж нь үйл ажиллагааны, ашгийн хураамж. Эрсдлийнх нь нөөц санд зориулсан хэсэг гэж дурдаад, баахан тайлбар бичсэн байдаг.
Онолын хувьд манай даатгалын хураамж, нөхөн төлбөрийн хэмжээ актуар аргачлалд нийцэж байна уу гэвэл үгүй.
Одоогоор мэдээллийн бааз суурь сайтай даатгалын компаниуд өнгөрсөн жилүүдийн санхүүгийн үзүүлэлтүүдээ харгалзан үзэж, даатгалын хураамж, нөхөн төлбөрийн хэмжээгээ тогтоож байна.
Манайд олон улсын актуарчдын холбооноос хүлээн зөвшөөрсөн шалгалт, түүнтэй дүйцэх үндэсний хэмжээний шалгалт авч, актуарчаар ажиллах эрх олгож байна уу?
Манай улсад актуарч гэдэг нь “Олон улсын актуарчдын холбоо”, түүний жинхэнэ гишүүн орны даатгалын салбарын мэргэжилтний 10 төрлийн чадвар шаардах шалгалтад тэнцсэн тохиолдолд актуарч гэж тооцно гэж журмандаа заасан байдаг. Гэтэл одоогоор энэхүү нөхцөл шаардлагыг хангасан актуарч гэж тооцогдож буй хүн бараг байхгүй гэж хэлж болно. Тиймээс үндэсний хэмжээнд тэрхүү олон улсын чанартай шалгалтад тэнцэхүйц сургалтууд зохион байгуулж болно.
...Сургалтад хамрагдаж төгссөн мэргэжилтнээс шалгалт авч, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн актуарч гэж зарлаж болно...
Даатгалын компаниудад ажиллаж буй даатгалын хувь хэмжээг тогтоох үүрэгтэй мэргэжилтэн бүрийг актуарч гэж хэлэх үү гэдэг асуудал. Нэг даатгалын компанид 1-2 актуарч ажиллана гэж үзвэл манай зах зээлд 30 орчим актуарчийн эрэлт байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлд 2-3 актуарч хэрэгцээтэй байдаг. Энэ тоог харахаар дээд боловсролын салбарт актуарч гэж бие даасан анги нээж, мэргэжилтэн бэлтгэх хэмжээнд эрэлт алга. Тэгэхээр математик суурьтай мэргэжилтнүүдийг актуарчийн сургалтад хамруулж, хэлний мэдлэгийг нь дээшлүүлснээр олон улсын шалгалтад орж, тэнцэх боломжтой.