Офшор бүсэд мөнгө нуух технологи
2016.04.05

Офшор бүсэд мөнгө нуух технологи

Панамын Mossack  Fonseca хууль зүйн фирмийн сая сая бичиг баримтууд сэтгүүлчдийн гарт орж Оросын Ерөнхийлөгч Путинаас эхлээд одоогийн болоод өмнөх дэлхийн 72 улс төрчидтэй холбоотой офшор баримтууд олонд ил болов.

“Татварын диваажин” гэж нэрлэдэг офшор бүсэд хөрөнгөө байршуулах хууль ёсны арга байдаг ч дээрх бичиг баримтуудын хувьд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч нь нууцлаг, мөнгөний гарал үүсэл тодорхойгүй, татвараас зайлсхийдэг байсан нь илрэв.

Татвараас зугтах гэсэн баян бизнесмен ч бай, олон улсын хар тамхины наймаачин  ч бай, дарангуйлагч ч бай офшор бүсэд мөнгө угаах нь арга ижилхэн.

“Хоосон компани”

Хоосон компани гаднаасаа хууль ёсны бизнес шиг харагддаг. Гэхдээ энэ бол хөрөнгийг үнэндээ хэн эзэмшдэгийг далдалсан бүрхүүл төдий. Ийм компаний захирал нь хуульчид, нягтлан бодогчид, тэр байтугай цэвэрлэгчид байх жишээтэй. Гэхдээ тэд зөвхөн бичиг баримтад гарын үсэг зурах л үүрэгтэй.

Хууль, хяналтын байгууллагынхан хөрөнгийн захиран зарцуулагчийг илрүүлэхийг оролдвол компаний удирдлагын багийнхан гэж хариулдаг. Гэхдээ энэ бол тийм биш. Тэдгээр удирдлагын багууд нь татвараас бултах, мөнгө угаах үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хөлс авдаг төдий. Хоосон компаниудыг “шуудангийн хайрцаг” гэж нэрлэх нь ч бий. Яагаад гэвэл ийм компани өөрийн нэр дээр бичиг баримтууд хүлээн авдаг хаяг төдий байдаг.

Офшорт хөрөнгөө нуусан Исландийн Ерөнхий сайдыг иргэд нь огцрохыг шаардаж байна

Санхүүгийн офшор төв

Хэрэв та хоосон компанитай бол Лондон, Париж зэрэг хотод компаниа байршуулах нь эрсдэлтэй. Яагаад гэвэл тэндхийн хуулийн байгууллагынхан таныг илрүүлж чадна. Таньд татварын диваажин буюу санхүүгийн офшор төв хэрэгтэй. Ийм төвүүд голдуу банкны нууцлагдмал системтэй, бага татвартай, эсвэл санхүүгийн үйл ажиллагаанд огт татвар ногдуулдаггүй  арлын жижигхэн орнуудад байдаг. Ийм оронд Виргиний арал, Макао, Багамын арлууд, Пана зэрэг хэд хэдэн орон багтана.

Эдгээр оронд санхүүгийн офшор төвүүд хууль ёсных. Гэхдээ ихэнхдээ нууцлагдмал байдаг нь мөнгө угаагчид, татвараас бултагсадын сонирхлыг татдаг. Ялангуяа тухайн офшор бүсэд хууль хяналтын байгууллага сул ажилладаг, эсвэл зөрчлийг тоодоггүй бол.

Азербайжаний Ерөнхийлөгч Алиевын охидууд офшорт хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй нь илрэв

Мөнгө угаах

Мөнгө угаах арга нь хууль бусаар олж авсан мөнгийг сэжиг авахуулахгүй ашиглахад хэрэгтэй.

Жишээ нь тухайн этгээд хар тамхины наймаачин, залилагч, эсвэл авлигажсан улс төрч бол ердийн аргаар зарцуулах, эсвэл хадгалах боломжгүй их хэмжээний мөнгөтэй байдаг. Тиймээс мөнгийг угаах хэрэгтэй. Угаах мөнгийг офшор бүс дэх хуулийн фирм руу илгээж, тэр хуулийн фирм мөнгийг үнэт цаас болгон хувиргана. Энэхүү үнэт цаас нь хэний ч олж сонсоогүй “хоосон компани”-д харъяалагдана.

Ингэсний дараа дээрх мөнгөөр юу дуртайгаа худалдан авч болно.

Панамын Mossack Fonseca хууль зүйн фирм

Хориг арга хэмжээ болон нууц дансууд

Эдийн засгийн хөгжингүй орнууд таалагдахгүй удирдагчдыг эдийн засгийн хоригоор шийтгэдэг. Хориг арга хэмжээг зэвсгийн импорт, газрын тос болон бусад барааны экспортыг хязгаарлахаас гадна тодорхой хүмүүс, тэдний гэр бүл, найз нөхөд, тойрон хүрээлэгчдийн банкны дансыг хаах зэргээр хэрэгжүүлдэг.

Гэхдээ эдийн засгийн хоригт сөрөг талууд багагүй бий. Жишээ нь гэмт хэрэгтнүүдэд нууц данс нээж өгөх, иргэний дайнд нэг талд, эсвэл хоёр талд санхүүжилт өгөх, дарангуйлагчдын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх сонирхол бүхий санхүүгийн нууц байгууллагууд бий болдог. Санхүүгийн гэмт хэрэгт анхаарал хандуулдаггүй оронд нээгдсэн олон тооны нууц дансууд нь эдийн засгийн хоригийг тойрч гарах гол хэрэгсэл болдог.

Хадгаламжийн дансанд татвар ногдуулах Европын холбооны захирамж

Иргэдийн татвараас зайлсхийх оролдлогыг таслан зогсоох зорилгоор Европын холбоо Хадгаламжийн дансанд татвар ногдуулах захирамжийг (ESD)  гаргажээ. Энэ захирамжаар тухайн иргэн Европын Холбооны аль ч улсын банкаар үйлчлүүлсэн хадгаламжийн дансанд нь татвар ногдуулдаг. Өөрөөр хэлбэл Ирландын иргэн Голландад хадгаламжийн данстай ч Голландын татварын албаныхан татвар ногдуулахгүй гэж найдах хэрэггүй.

Тиймээс Европоос өөр газарт, Панам, Виргиний арал зэрэг улсад хадгаламжийн данс нээх сонирхолтой хүмүүс олон болжээ.