Тахарын албаныхан шаардлагатай гэж үзвэл нууцаар мөрдөх ажиллагаа явуулдаг
Санаачлагч: Х.Тэмүүжин
Өргөн барьсан он.сар.өдөр:
Баталсан он.сар.өдөр: 2013/07/05
Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2014/01/01
Тахарын албаны хуулийг шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл бүрдүүлэх, шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг байхын тулд баталсан байна.
Тахарын албаны ажилтан ажилд орохдоо "Монгол Улсын иргэн би Монгол Улсын Тахарын албанд алба хаахдаа хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж ажиллахаа батлан тангараглая. Тангарагаа зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ" гэж тангараг өргөнө.
Тахарын алба үндсэн 6 чиг үүрэгтэй
Энэ хуулиар бий болсон Тахарын албаныхан хэмээх төрийн албан хаагчид өмнө нь цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн гүйцэтгэж байсан, мөн хэн хариуцах нь тодорхойгүй байсан дараах чиг үүргүүдийг хариуцахаар болсон юм. Үүнд:
- Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах,
- Гэрч, хохирогчийг хамгаалах,
- Яллагдагч, ялтныг хуяглан хүргэх,
- Яллагдагч, гэрчийг албадан хүргүүлэх,
- Ялтан шилжүүлэх
- Оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах зэрэг чиг үүрэг орно.
Тахарын алба нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл бүрдүүлэх ажлынхаа хүрээнд шаардлагатай бол хөрөнгө битүүмжлэх, нотлох баримт хадгалах, хамгаалах, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх үүрэгтэй. Мөн шүүхэд дуудаад ирэхгүй байгаа яллагдагч, хэргийн гэрчийг албадан авчрахаас гадна өмнө нь голдуу цагдаа нарын хийдэг байсан оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, баривчлах ажлыг хийнэ. Гэрч, яллагдагчийг шүүхэд албадан ирүүлж байгаа тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
Хэрэв шүүгчийн ажилтай холбогдуулж түүнд хамаатай хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан, эсвэл учирч болзошгүй бол шүүгч хамгаалалт авах тухай хүсэлтээ “Тахарын алба”-нд гаргаж болно. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлыг гүйцэтгэхэд Тахарын албаны хуягийг томилон ажиллуулна. Тахарын албаны хуяг шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангахаас гадна яллагдагчийг хуяглан харгалзах, шүүх хуралдааны дүрэм зөрчсөн яллагдагч, хэргийн оролцогчийг хуралдааны танхимаас гаргах, дуудан оруулах, хуралдааны завсарлагааны үеэр цагдан хорьсон яллагдагчийг өмгөөлөгчөөс бусад хүнтэй уулзуулахгүй байх, бусдаас эд зүйл авах, дамжуулахгүй байх, хорих ялаар шийтгүүлсэн хүнийг шүүгчийн зөвшөөрлөөр гэр бүлийнхэнтэй нь уулзуулах гэх зэрэг үүрэг гүйцэтгэнэ.
Шүүх хуралдааны явцад аюултай, гэнэтийн нөхцөл байдал үүсвэл Тахарын албанаас шүүх хуралдааныг түр завсарлуулах талаар санал тавьж болно.
... Тахарын албаны дараагийн нэгэн чухал ажил бол хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах юм. Гэмт хэрэгтэй тэмцэх аливаа байгууллага өөрийн мөрдөж байгаа хэргийн гэрч, хохирогчийг Тахарын албаны хамгаалалтад шилжүүлэн өгч болно ...
Түүнчлэн Тахарын алба нь шаардлагатай гэж үзвэл шүүх, шүүгчийг хамгаалах, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, гэрч, хохирогчийг хамгаалах үедээ нууцаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй.
Шинэ баталсан хуулиар өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хийдэг байсан яллагдагчийг цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд хүргэх ажлыг Тахарын алба хариуцдаг болсон. Шаардлагатай бол яллагдагч, ялтныг хуяглан хүргэхдээ нүдийг нь боох, тусгай тоноглосон автомашин, галт тэрэг, онгоц ашиглах зэргээр арга хэмжээ авна. Мөн нэг биш хэд хэдэн хуяг дагалдуулан хүч нэмэгдүүлж болно.
Түүнээс гадна гадаад улсаас ялтан авах, гадаад улсад ялтан шилжүүлэх, хорих байрыг нүүлгэн шилжүүлэх, хорих ангийг өөрчлөн байгуулахад яллагдагчийг хориглон хүргэх үүрэгтэй.
Алба хаагчийн эрх, үүрэг, баталгааг хангасан
Тахарын алба нь дарга, шүүх ажиллагааны хэвийн ажиллагааг хариуцсан тэргүүн дэд дарга, захиргаа, санхүү, хангалт, үйлчилгээ хариуцсан дэд дарга нартай байна. Тахарын албаны дарга нь улсын тэргүүн тахар, тэргүүн дэд дарга нь тэргүүн шадар тахар, дэд дарга нар нь шадар тахар гэсэн цолтой байна. Харин Тахарын төв албаны харьяа болох тойргийн тахарын албаны дарга нь тойргийн тахар, тойргийн тахарын албаны дэд дарга нь тойргийн шадар тахар, нэгжийн дарга нь тахар цолтой байна. Шүүх хурал дээр ажиллах тахарын хуягийг тойргийн тахар шүүгчтэй зөвшилцөж томилно.
Тахарын албаны алба хаагчийн эрх, үүрэг, баталгаа болон хориглох зүйлийг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.
... Тахарын албаны алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн гэр бүлийн нэг гишүүнд түүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам олгоно ...
Тахарын албаны алба хаагч биедээ галт зэвсэг авч явах эрхтэй.