Европын Холбоо аюулгүйн холбоо биш
Гуравдугаар сарын 22-нд Бельгийн Вант Улсын Брюссель хотноо болсон террорист халдлага Европын Холбоог дахин сэрээв. Гишүүн орнуудын Засгийн газрууд, ЕХ-ны албаныхны зүгээс “Гишүүн орон хоорондын харилцааг гүнзгийрүүлэхийг шаардаж, ирээдүйн болзошгүй халдлагаас сэргийлэх”- ийг уриалан дуудав.
Брюсселийн халдлагын дараагаар Герман, Франц, Итали болон Европын Комиссын гишүүн орнууд дэлхийн нийтийн анхаарал хандуулахыг шаардсан юм. Тус комиссын тэргүүн Жан-Клод Юнкер бүсийн хэмжээнд террорист халдлагатай тэмцэх “Аюулгүйн холбоо”-г байгуулахыг санал болгоод амжсан. Гуравдугаар сарын 24-ний өдрийн уулзалтаар Европын Зөвлөлийн сайд нар гишүүн орнуудын хооронд терроризмтай тэмцэх мэдээллийг солилцох хэрэгтэй байгааг тодотгон хэлэлцсэн билээ. Хэдий энэ мэтээр ЕХ-ны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх саналууд гарч байгаа боловч гишүүн орнууд үндэсний ашиг сонирхлоо дээгүүр тавьж, аюулгүй байдлын эвсэл бүрэлдэх явцыг сааруулах магадлал өндөр хэвээр байна.
Бүсийн аюулгүй байдлыг хамгаалагч агентлагууд
Үнэндээ бол ЕХ-нд бүсийн хэмжээнд аюулгүй байдлыг бүрдүүлэх зорилго бүхий хэд хэдэн агентлагууд бий. “Europol” буюу Европын цагдаагийн алба нь гэмт хэргийн мэдээллийг боловсруулах, олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий агентлаг. “Frontex” бол ЕХ-ны гадаад хилийг хамгаалдаг улс орнуудын хил хамгаалах асуудлыг зохицуулагч агентлаг юм. Харин “Eurojust” бол гэмт хэрэг, тэр дундаа үндэстэн дамнасан гэмт хэргийн мөрдөн байцаалт, шүүхийн тогтоолын гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг зохицуулагах үүрэг бүхий агентлаг. Гэхдээ тэдний нөлөө их биш. Яагаад гэвэл гишүүн орнуудын хүчин зүтгэл сул, нөөц боломж нь хязгаарлагдмал зэргээс улбаалан тус агентлагууд хүн хүч, тоног төхөөрөмжөөр гачигддаг.
... ЕХ нь өнөөг хүртэл аюулгүй байдлын асуудлаа бүрэн шийдэж чадаагүй. Учир нь гэмт хэрэг, терроризмтай тэмцэх асуудлаар гишүүн улсууд нь өөр өөр асуудлыг урьтал болгодгоос гадна тэдний нөөц боломж, туршлагын түвшин харилцан адилгүй юм ...
Франц, Их Британи, Герман зэрэг орнуудын хувьд терроризмтай тэмцэх арвин туршлагатай, тусгай агентлаг бүрдүүлэх хүн болон материалын нөөц боломж сайтай. Харин жижиг орнуудын хувьд туршлага дутмагаас гадна төсөв нимгэнтэй. Тэр тусмаа эдийн засгийн хямралын үеэр төсвөө танах хэрэгтэй болдог.
... Бельги улсын батлан хамгаалах салбар ямар их дутагдалтай болохыг Брюсселийн дайралт харуулаад байна. ЕХ-ны гишүүн орнууд нэгэн хэсэг батлан хамгаалах салбарын төсвөө танаж байсан бол одоо эргүүлэн нэмж байна ...
Гэхдээ чинээлэг орнуудын нөөц боломж хүртэл хязгаарлагдмал болжээ. Тухайлбал гуравдугаар сарын 23-ны өдөр ХБНГУ-ын Засгийн газраас “2020 он гэхэд дотоодын аюулгүй байдлын төсвөө 2.1 тэрбум еврогоор нэмэгдүүлэх” болсноо зарласан. Гэтэл “Холбооны Цагдаагийн Газар”-ын орлогч дарга “Уг тоо нь хангалттай биш” гэдгийг анхааруулсан юм.
Хамтын ажиллагаанд юу саад болж байна вэ?
Төсвийн гачигдал бол хамтын ажиллагаанд саад болж буй зөвхөн нэг асуудал. Иргэд хилээр чөлөөтэй зорчих эрхтэй. Гэтэл засгийн газрын тагнуулын мэдээллүүд чөлөөтэй нэвтэрч чаддаггүй. Брюсселлийн дайралт болсноос хэдхэн цагийн дараагаас эхлэн ЕХ-ны хэдэн гишүүн орнууд “Аюулгүй байдал, заналхийлэлтэй холбоотой мэдээллийг Парисын дайралтын үеийнх шиг олноор хуваалцах хэрэгтэй” болохыг мэдэгдэж эхэлсэн.
ХБНГУ-ын Дотоод хэргийн яамны сайд Томас де Мезьер “ЕХ-ны засгийн газрууд холбоотнуудтайгаа бүх мэдээллээ солилцохыг хүсдэггүй” болохыг хүлээн зөвшөөрч, “ЕХ болон гишүүн орны засгийн газрууд холбоогүй гэж үзсэн мэдээллийн сангуудаа тусгаарласан”болохыг цохон тэмдэглэсэн билээ.
Брюсселийн халдлагыг үйлдсэн амиа золиослогч этгээдүүд өмнө нь Турк улсад баривчлагдаж байсан боловч Нидерланд улсад суллагдсан аж. Уг хэрэг ЕХ-ны хамтын ажиллагаа хэр доогуур түвшинд байдгийг илтгэн харуулах шиг болсон. Мөн Европын засгийн газрууд Араб нэрийг галиглахдаа ялгаатай систем хэрэглэдэг нь албан хэрэг хөтлөлтийг улам хүндрүүлж байгаа аж.
Бүрэн эрхт улсын асуудал
Өдгөө 60 гаруй жилийн нүүрийг үзэж буй ЕХ нэгэн цул болж чадаагүй л байна. Тус холбооны гишүүн орнууд хөдөлмөр болон худалдааны асуудлаарх өөрсдийн эрх мэдлээ өгөхөд бэлэн байдаг. Гэвч үндэсний ашиг сонирхол нь тэдний эмзэг цэг хэвээр л байна. ЕХ-ны гэрээнүүд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Валютын холбоо, чөлөөт худалдааны бүсийн асуудлыг дийлэнх олонхийн саналаар шийддэг атлаа аюулгүй байдал эсвэл гадаад бодлогын асуудлыг шийдэхдээ санал хуралтын явцад нэрийг нь нууцалдаг. Тэр ч бүү хэл гишүүн орон бүрт хориг тавих эрх бий.
Европ тивийг хамрах хэмжээний бүтцийг бий болгохын тулд гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Европчуудын үндсэрхэг үзэл сэргэж байгаа одоо үед уг гэрээ өөрчлөгдөх боломж бараг л үгүй.
... Европын эдийн засгийн хямрал маш түргэн хугацаанд өрнөсөн. Хямрал ажилгүйдлээс эхэлж аажмаар улс төрийн хямрал руу шилжсэн. Аль хэдийн хагарал үүссэн ЕХ-нд цагаачлал, терроризмын асуудлууд улам нэрмээс болж байна ...
Иймд гишүүн орнууд үүсч буй асуудалд өөрсдөө шийдэл олж, хэрэгжүүлэх болсон. Өөрөөр хэлбэл гишүүн орнуудын шийдвэр ЕХ-ны дүрмийг орлох болжээ. Тухайлбал тэд дүрвэгсдийн квотыг эсэргүүцэж, хилээ хамгаалахаар тэмцэж байна. Мөн иргэдийн ажил, амьдралын аюулгүй байдалд терроризм, дүрвэгсдийн асуудал заналхийлэх тусам иргэдийн дуу хоолой чангарсаар байна.
Ийм нөхцөлд ЕХ-ны аюулгүйн байдлын хамтын ажиллагаа хөөс болон замхрах бололтой. Ойрын хэдэн сарын хувьд Europol, Frontex зэрэг агентлагуудын нөөц бололцоог нэмэгдүүлэх, бүсийн болон эргийн хамгаалалтыг чангатгах төлөвлөгөөг өрнүүлэх нь тодорхой. Мөн Европын Комиссын зүгээс мэдээллийн урсгалыг чөлөөтэй болгохыг зорьж, онгоцны буудлууд дээрх шалгалтыг чангатгана. Гэхдээ л аюулгүй байдлын эвсэл байгуулах санаа цаашид ч олон асуудалтай нүүр тулгарна. Иймд ирээдүйн ЕХ-ны засгийн газрууд бүсийн бус, харин дотоодын аюулгүй байдлыг сайжруулахыг илүүтэй хүсэх дүр зураг ажиглагдаж байна.