Төсөв, төлбөрийн тэнцлийн хос алдагдал
2016.10.14

Төсөв, төлбөрийн тэнцлийн хос алдагдал

Эдийн засагт төсвийн болон төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал нэгэн зэрэг үүсэхийг хос алдагдал гэж нэрлэдэг. 1986 онд АНУ-ын төсвийн алдагдал ДНБ-ий 5 хувь (1980 онд 2.7 хувь

байсан), урсгал тэнцлийн алдагдал 3.5 хувьд (1980 онд 0 хувь байсан) хүрч, адил дүнтэйгээр нэмэгдэж байсан нь эдийн засагчдын анхаарлыг татаж, олон тооны судалгааны ажил хийгдэж эхэлсэн. Хос алдагдлын талаар дараах тайлбарууд байдаг. Үүнд:

Манделл-Флемингийн загвар:

Жижиг нээлттэй эдийн засагт хөрөнгийн урсгал чөлөөтэй шилждэг тохиолдолд төсвийн тэлэх бодлого нь бодлогын хүүг өсгөх бөгөөд хүүний өсөлтийг дагаад хөрөнгө дотогшлох урсгал нэмэгдэнэ. Ингэснээр үндэсний валютын бодит ханш чангарч, экспортыг бууруулж, импортыг нэмэгдүүлсэнээр урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэнэ.

Кейнсийн шингээлтийн онол:

Төсвийн зарлагын өсөлт дотооддоо шингэнэ гэж үздэг. Тодруулбал, төсвийн зардал нэмэгдэх нь дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг өсгөдөг. Ингэснээр дотоодод үйлдвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүний эрэлтийг өсгөхөөс гадна импортыг нэмэгдүүлж, урсгал тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлдэг. Иймд төсвийн алдагдал, урсгал тэнцлийн алдагдал нь нэг чиглэлд хөдөлдөг.

Барро (1974)

Рикардогийн эквивалент таамаглалаар төсвийн алдагдал ба урсгал тэнцлийн алдагдал нь хоорондоо хамааралгүй гэж үзсэн. Хэрэглэгч рациональ хүлээлттэй, татвар буурах эсвэл засгийн газрын зардал өсөх нь түр зуурынх, ирээдүйд татвар эргээд өсөх, засгийн газрын зардал хумигдах учраас төсвийн тэлэх бодлогын үед хэрэглэгчид хэрэглээгээ өсгөлгүй хуримтлалаа нэмэгдүүлдэг. Засгийн газрын хуримтлал буурах хэдий ч хэрэглэгчдийн хуримтлал өссөнөөр тэнцвэржих тул төсвийн алдагдал нь урсгал тэнцлийн алдагдалд нөлөөгүй гэж үздэг байна.

Хос алдагдал удаан хугацаанд үргэлжлэх нь эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэрт байдлыг алдагдуулж, макро эдийн засагт тогтворгүй байдал үүсгэх тул төсвийн зардлыг танах замаар урсгал дансны алдагдлыг бууруулах шаардлагатай.
Хос алдагдлыг шийдэх гарц нь төсвийн алдагдлыг бууруулах явдал гэж үздэг.

Монгол улсад хийсэн эмпирик судалгаагаар төсвийн алдагдлын ДНБ-д харьцуулсан харьцаа нэгж хувиар өсөхөд 3 улирлын дараа урсгал тэнцлийн ДНБ-д харьцуулсан харьцааг 0.6 хувиар нэмэгдүүлдэг байна. Хос алдагдалтай үед инфляци өсөхийн зэрэгцээ ханш суларч, цаашид харилцан нэгнийхээ алдагдлыг өдөөж, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг улам хүчтэй болгодог.

Ийнхүү хос алдагдал нь эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх, хямралд хүргэх сөрөг нөлөөтэй тул төсвийн алдагдлыг бууруулах замаар урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах нь зүйтэй байна.

Эх сурвалж: Монголбанк