Бээжингийн захиргаа экологид ээлтэй оршуулгын аргыг сонгохыг иргэдээсээ шаардана
Бээжинд газрын хомсдол, хүрээлэн буй орчны бохирдлоос үүдэж хотын захиргаа байгаль экологид хоргүй оршуулгын аргыг сонгосон иргэдийг урамшуулахаар шийджээ.
Бээжин хотын захиргаанаас тус хотын оршин суугчид талийгаачдаа оршуулахдаа экологид ээлтэй арга, хэлбэрийг сонгодог болгохын тулд цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Синхуа агентлаг дамжуулсан тухай Оросын РИА Новости мэдээлж байна.
Бээжин хотын захиргааны төлөөлөгч Ли Хуэгийн мэдээлснээр хотын эрх баригчид аль болох бага хэмжээний булш сонгосон, эсвэл чандрыг далайд болон модны дэргэд цацах аргыг хэрэглэсэн иргэдийг дэмжихээр болсон байна.
... Хятадын Засгийн газрын оршуулгын үйлчилгээг шинэчлэх таван жилийн төлөвлөгөө ёсоор Бээжин хотын захиргаа талийгаачийнхаа чандрыг далайд цацахаар шийдсэн иргэдэд 4000 юанийг (1,2 сая төгрөг) нөхөн олгох ажээ ...
Синхуа агентлагийн мэдээлснээр 2015 онд Бээжин хотод үйлдэгдсэн оршуулгын 46 хувь нь байгаль, экологид халгүй байжээ. Хотын захиргаа 2020 гэхэд энэ үзүүлэлтийг 50 хувьд хүргэж, чандарлах үйлчилгээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
... Энэ оны хоёрдугаар сарын төгсгөлд Бээжингийн эрх баригчид “Байгаль, экологид ээлтэй оршуулгын заавар”-ыг хэвлүүлжээ. Тус зааварт бичсэнээр намын гишүүд, тэдний гэр бүлийнхэн экологид хоргүй оршуулгын аргыг сонгох ёстой ...
Өөрөөр хэлбэл стандартад нийцэхгүй оршуулгын хэлбэр, том авс сонгох хориотой. Шинэ дүрмийг зөрчсөн этгээдүүдийг шийтгэнэ, гэхдээ яаж шийтгэхийг нарийн заагаагүй байна.
Түүнчлэн шинэ дүрэм далайд оршуулах, чандрыг далайд болон модны дэргэд хийсгэх, чандрыг саванд хадгалах зэргийг сайшааж байна.