Астана-Улаанбаатарын шинэ чиглэл Орос, Казахстаны хэрүүлийн алим болж байна
2016.04.11

Астана-Улаанбаатарын шинэ чиглэл Орос, Казахстаны хэрүүлийн алим болж байна

Казахстаны иргэний агаарын тээврийн “Эйр Астана” компани 2016 оны зунаас Улаанбаатар-Астана гэсэн нислэгийн шинэ чиглэл нээхээр болсон билээ.

Харин энэ шийдвэр Казахстаны “Эйр Астана”, Оросын “Аэрофлот” хоёрын дундах зөрчлийн шалтгаан болоод байна. Учир нь “Эйр Астана”-гийн онгоцууд Улаанбаатар руу нисэхдээ Оросын газар нутаг дээр 300 км зайд ниснэ. Үүний төлөө Евроазийн Эдийн Засгийн хамтын ажиллагааны түнш орнууд (ОХУ, Казахстан, Беларусь, Киргизстан, Армени улсууд багтдаг) нэмэлт роялтийн төлбөр шаардаж байгаа аж. Оросуудын хувьд Астанагаас Улаанбаатар луу нисэх замыг Транссибирийн маршрутын нэг хэсэг гэж үздэг. Харин “Эйр Астана” компаний хувьд Казахстанаас Монгол, Өмнөд Солонгос, Хятад руу чиглэсэн нислэгүүд нь Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын тодорхойлсноор Транссибирийн маршрутад хамаарахгүй гэж няцаадаг.

Казахстан, Монголын хооронд нээгдэх гэж буй шинэ чиглэлийг оросууд эсэргүүцээд байгаа нь зүгээр л шалтаг гэж Казахстаны шинжээчид үзэж байна. Хэрэв “Аэрофлот”-аас гадна Оросын өөр нэг нислэгийн компанийг Казахстаны зах зээлд нэвтрүүлвэл Астана-Улаанбаатарын нислэгээс роялти төлбөр авахгүй гэсэн болзол тавьж байгаа аж. Гэвч өөрийн зах зээлд гадны нислэгийн өөр нэг компани оруулах нь Казахстан улс иргэний нисэхийн зах зээлээ алдаж Оросын хяналтад орно гэсэн үг.

Иймэрхүү байдлаар асуудал хэлэлцээрийн шатанд байсаар байна.

... Нөгөө талаар Казахстаны зарим эксперт Казахстан, Монголын хооронд эдийн засаг, ажил хэрэг, соёлын харилцаа гүнзгий биш учраас Астана-Улаанбаатарын чиглэл ямар ч ашиг авчрахгүй гэж үзэж байна ...

Тухайлбал дэлхий даяар аялал жуулчлалын маршрут зохион байгуулдаг “Өмнөд Казахстан мужид аялал жуулчлалыг хөгжүүлэх төв” гэх байгууллагын тэргүүн Олжас Шинтаевын үзэж буйгаар зорчигч тээврийн урсгалын талаас аваад үзэхэд Монгол нь сонирхол татах орон биш, аялал жуулчлал, бизнесийн зорилгоор Казахстанаас Монгол руу аялах хүн тун цөөн, Монголоос Казахстан руу ч нөхцөл байдал адилхан аж. Тэрээр хэлэхдээ “Монголын зах зээл маш жижигхэн, бага хүн амтай, бидний сонирхлыг тийм ч их татахгүй. Хоёр орны хооронд шууд нислэг нээгдэж байгаа нь ирээдүйд хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахад хувь нэмэр болж магадгүй юм.

... Гэхдээ эдийн засгийн талаасаа Монгол нь ямар ч ашиггүй, үүнээс болж Орос, Казахстан чиглэлийн зах зээлийнхээ ашгийг алдаж, олон жил түншийн харилцаа хөгжүүлсэн хөрштэйгээ муудалцах хэрэггүй болов уу” гэжээ ....

Харин Казахстаны Аялал жуулчлалын агентлагуудын холбооны төлөөлөгч Денис Кривошеев Астана-Улаанбаатар чиглэлээс үүдэлтэй зөрчилдөөн бол зөвхөн шалтаг төдий, зөрчлийн гол шалтгаан нь өөр зүйлд байгаа гэж үзэж байна. Учир нь Казахстаны иргэний нисэхийн зах зээлийг эзэлсэн “Эйр Астана”, “Аэрофлот” хоёрын маргаан эртний улбаатай. Монголын асуудал яригдахаас өмнө “Эйр Астана” компаний удирдлага Астана-Москвагийн чиглэлд нислэг үйлдэхийг хориглосон. Хариуд нь Оросын “Аэрофлот” Казахстаны долоон хот руу нислэг үйлдэхээ зогсоосон байна. Тиймээс асуудлын шалтгаан нь зөвхөн Монгол биш гэж Денис Кривошеев мэдэгджээ.