Байнгын хорооны дарга А.Бакей сонгуулийн бэлтгэл ажлын явц байдлын талаар санал солилцов
2016.04.20

Байнгын хорооны дарга А.Бакей сонгуулийн бэлтгэл ажлын явц байдлын талаар санал солилцов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан сонгууль зохион байгуулахад хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу оролцдог төрийн байгууллагуудын удирдлагуудтай өнөөдөр /2016.04.19/ уулзаж, сонгуулийн бэлтгэл ажлын явц байдлын талаар мэдээлэл сонсож, санал солилцов.

Уулзалтад Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын алба зэрэг байгууллагуудын дарга, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

 

Байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын эхэнд хэлэхдээ, Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхлээд байна, өнөөдрөөс тооцоход сонгуулийн санал авах өдөр хүртэл 70 хоног үлдээд байгаа учраас төрийн холбогдох байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл сонсох үүднээс энэ уулзалтыг зохион байгуулж байгааг дурдав. Энэ удаагийн сонгууль нь Улсын Их Хуррлаас гадна аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явагдах учраас олон нэр дэвшигч өрсөлдөнө. Урьд өмнөх байдлаас харахад хуулийг бүрэн судалж нэг мөр ойлголттой болж чадаагүйгээс хууль зөрчих явдал гардаг тул түүнээс сэргийлэх үүднээс хуулийг тайлбарлан таниулах явдал чухал байгааг байнгын хорооны дарга тэмдэглээд анхаарах зарим асуудлын талаар дурдав. Юуны өмнө 2012 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гарч байсан зарим дутагдалд дүгнэлт хийж, дахин давтахгүй байхад анхаарах, байгууллага бүр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг нарийн нягт хангах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, түүнчлэн улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд сонгуулийн байгууллагаас гаргасан шийдвэрийг төрийн холбогдох байгууллагууд даган мөрдөж, шуурхай хэрэгжүүлэх үүрэгтэйг тэрээр санууллаа.

Дараа нь уулзалтад оролцсон төрийн байгууллагуудын удирдлагууд Сонгуулийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх талаар өөрсдийн байгууллагаас авч буй арга хэмжээ, зохион байгуулж байгаа ажлын талаар товч танилцуулсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэлдээ, сонгуулийн төв байгууллагын тухайд сонгуулийн бэлтгэл ажил сонгуулийн жил эхэлснээс хойш хуулийн дагуу хэвийн явагдаж байгаа. Сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах ажил шийдвэрлэгдсэн. Улсын хэмжээнд сонгуулийн 291 хэсэг байгуулагдсан, аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байна. Сонгуулийн тухай хуулиар чиг үүрэг хүлээсэн 20 гаруй байгууллагын удирдлагуудтай уулзаж асуудлаа ярилцсан. Төрийн байгууллагуудтай байнгын холбоотой нягт хамтарч ажиллаж байгаа гэдгээ хэллээ.

 

Мөн Үндэсний аудитын газрын дарга А.Зангад тус байгууллага хуулиар таван чиг үүрэг хүлээж байгаагаас сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож мэдээлсэн. Одоо хандивын тайлан, мөрийн хөтөлбөрийг хүлээн авч хөндлөнгийн аудит хийх ажил хүлээгдэж байгааг дурдсан бол Цагдаагийн ерөнхий газрын дарга Л.Чингис сонгуулийн санал авах байруудыг хамгаалалтад авах, хэв журмыг сахиулах чиглэлээр тусгай төлөвлөгөө гаргаж үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна. Санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авах чиглэлээр байршлын судалгаа гарган хүн хүчийг урьдчилсан байдлаар хуваарилаад байгаа. Харин зарим аймагт цагдаагийн 160 гаруй албан хаагч нэмэлтээр ажиллах шаардлагатай байгаа тул тэдний шилжилт хөдөлгөөний асуудлыг зохицуулахад анхаарахыг санал болголоо. Түүнчлэн Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газрын захирал А.Төмөр тус яамны тухайд Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор гадаадад оршин сууж буй иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах төв комиссыг байгуулсантай уялдуулж манай улсаас гадаадын 45 улсад байрладаг Дипломат төлөөлөгчдийн газруудад 201 хүний бүрэлдэхүүнтэй салбар комисс байгуулж, төлөвлөгөө гарган хуулийн хугацаанд нь хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав.

Харин Бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан сонгуулийн нэрсийн жагсаалтыг хуульд заасны дагуу сонгуулийн санал авах өдөр сонгуулийн насанд хүрсэн иргэдийг хамруулан гаргаж хаягжуулах ажлын бэлтгэлийг хангаж байгааг дурдаад иргэд цахим үйлчилгээг өргөнөөр авдаг болсноор сүлжээний ачаалал эрс нэмэгдсэн. Иймээс серверийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ч энэ талаар шуурхай арга хэмжээ авах шаардлагатай болоод байна. Түүнчлэн өмнөх сонгуулиудад хэрэглэж байсан зөөврийн комьпютерүүдийн тэжээл суусан учраас тэдгээрийг сольж шинэчлэхэд төсөв хөрөнгийн хувьд анхаарахыг санал болголоо. Мөн уулзалтад оролцсон төрийн бусад байгууллагын дарга, холбогдох албан тушаалтнууд өөрийн байгууллагаас хийж буй ажлынхаа талаар товч мэдээлэл өгсөн юм.

 

Мэдээлэл сонссоны дараа Байнгын хорооны дарга А.Бакей төрийн холбогдох байгууллага бүр хуулиар хүлээсэн чиг үүргээ эргэн харж, заалт нэг бүрийг нягт нямбай, цаг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэхэд анхаарах, мэдээлэл сурталчилгаанд сайн анхаарч хуулийн заалтыг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр тайлбарлаж таниулах ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд хүргэх, төрийн байгууллагууд мэдээллээ харилцан солилцож ажлаа уялдуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ажлыг хариуцах эзэнтэй, цаг хугацаатайгаар нарийн төлөвлөж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах шаардлагатайг анхаарууллаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Сонгогчдын бүртгэл, нэрсийн жагсаалтын дэд хорооны дарга О.Содбилэг оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.