Хөхүүл эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
2016.04.20

Хөхүүл эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн өчигдөр хуралдаж, улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах зорилгоор 453.9 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Эрсдлийн сангаас гаргаж, долоон нэр төрлийн дархлаа дэмжих эм, бэлдмэл авах тогтоол гаргасан талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Мэндбаяр, НДЕГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Р.Наранчимэг нар мэдээллээ.

Улаанбурханы халдварын эсрэг дархлаа сайжруулах, өвчин намдаах үйлчилгээтэй албумин, вантаксин, ванкомицин, будисол, нобивент плюс, иммуноглобулин Ж, виферон лаа гэсэн долоон төрлийн эм, бэлдмэл ХӨСҮТ-д тасарч, иргэд гаднаас худапдан авч буй юм. Дээрх эм, бэлдмэл нь өртөг өндөр учраас хүмүүст хүнд тусч байгаа аж. Иймд ЭМД-ын сангаас хөрөнгө босгож, Эрүүл мэнд, спортын сайдын багц руу шилжүүлэн өгч, тасарсан эдгээр эм, бэлдмэлийг хэвийн олгохоор болж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 60 гаруй хүүхэд улаанбурхан өвчний

улмаас энджээ. Тэдний дийлэнх нь улаанбурхан өвчнөөс гадна хавсарсан бусад өвчний улмаас эндэж буйг холбогдох албаныхан мэдээлж байгаа юм. Худалдан авахаар төлөвлөөд буй долоон нэр төрлийн дархлаа дэмжих эм, бэлдмэл нь улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах төдийгүй хав- сарсан өвчний хүндрэлийг арилгах бүрэн боломжтой хэмээн ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд үзжээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Р.Наранчимэгээс дараах зүйлийг тодруулав.

-Эм, бэлдмэлийг хээээнээс нийлүүлж эхлэх вэ?

-ЭМСЯ-наас эм импортлогч аж ахуйн нэгжүүдтэй урьдчилан тохиролцсон. Хөрөнгийг шилжүүлсэн тохиолдолд шууд ажлаа эхлүүлэх болно.

Улаанбурханы дэгдэлт юуны улмаас их газар авсан шалтгааныг тогтоосон уу?

-Улаанбурхан өмнө нь гарч байсан ч ингэж их өргөн тархаж байгаагүй. Судалгаанаас үзэхэд уг өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 80 хувь нь эхийн сүүгээр хооллодоггүй юм байна. Хүүхэд эхийн сүүнээс авах дархлаагаа бүрэн авч чадахгүй бол өвчин тусах магадлал нь өндөр болдог. Тиймээс улаанбурхан өвчнөөр өвдсөн эхийн сүүгээр бойжиж буй хүүхдийн ээжүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагийг нь багасгах чиглэл өгсөн. Энэ чиглэлээр ХАХНХ, Хөдөлмөрийн болон ЭМСЯ хамтарч ажиллах болно.

Одоо авах эм бэлдмэл хангалттай хүрэлцэх үү?

-ЭМСЯ-наас гаргасан судалгаагаар одоо авах эм, бэлдмэлийг гурван сар хэрэглэнэ.

-Дархлаа дэмжих эм, бэлдмэл хэдэн төгрөгийн үнэтэй байдаг вэ?

-Дархлаа дэмжих эм, бэлдмэл хамгийн багадаа 150-250 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Энэ хэмжээний мөнгийг хувь хүн гаргах боломжгүй тул улсаас санхүүжилт өгөхөөр болсон. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн тухайн жилийн орлогын 10 хүртэлх хувийг эрсдэлийн үөд зарцуулж болно гэсэн хуультай.

Засгийн газрын нөөцөөс 982 сая төгрөг гаргана

Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг хүртэлх насны хүүхдэд хийх үзлэг, хяналтыг энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд баталсан хуваарь, эцэг, эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулж, товлолын дархлаажуулалтыг долоо хоног бүрийн бямба гаригт зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн нэг хүртэлх насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхдээ гэрээр асрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж буй, 0-1 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл баталсан төсөвт багтааж Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүүхдээ хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж хоёр цагийн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт үүрэг болгосон байна. Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтны илүү цаг, байгууллагын шатахуун, ариутгал, халдваргүйтгэлд зориулан 982 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж олгохыг Сангийн сайд Б.Болор, Шадар сайд бөгөед Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нарт зөвшөөрчээ.