МСҮТ-д мэргэжил эзэмшиж буй цэргийн албан хаагчдын үйлдвэрлэлийн дадлагатай танилцлаа
Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын эхний ээлж өндөрлөх дөхөж байна.
Уг хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүнд машин механизмын засварчин, хүнд машин механизмын оператор, мэргэшсэн жолооч, бетон арматурчин зэрэг захиалгат мэргэжлээр 630 хүнийг Хөдөлмөрийн яамны харьяа 11 МСҮТ болон политехник коллежид сургаж байгаа. Тэднээс 270 нь Налайх дахь МСҮТ болон Батлан хамгаалахын их сургуульд гурван сарын хугацаанд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу онолын сургалтаа дуусч, үйлдвэрлэлийн дадлагад гараад буй юм.
Цэргийн албан хаагчдын дадлагын сургалтын явцтай газар дээр нь танилцахаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд үйлдвэрлэлийн дадлага хийж буй суралцагчидтай очиж уулзлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ”Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах” зорилтыг тусгасан. Энэ дагуу 2013 онд “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулахдаа тэднийг шаардлагатай мэргэжлээр сургаж, дадлагажуулах үүргийг Хөдөлмөрийн яам хүлээсэн.
Хүлээсэн үүргийнхээ дагуу Хөдөлмөрийн яамнаас чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж батлуулсан төдийгүй энэхүү сургалттай холбоотой “Цэргийн алба хаагчдын мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах журам”-ыг Батлан хамгаалах яамтай хамтран боловсруулсан юм. Түүнчлэн мэргэжлийн боловсрол сургалтын аль байгууллага ямар мэргэжлээр хэчнээн цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэхийг заасан “Мэргэжлийн чиглэл, элсэлтийн хяналтын тоо батлах тухай”, “Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” тушаалуудыг Хөдөлмөрийн сайд гаргасны дагуу сургалтын ажлаа зохион байгуулж буй юм.
“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт хамруулах замаар шаардлагатай мэргэжилтнүүдээ бэлтгүүлэх эхний захиалгыг “Монголын төмөр зам” ХХК-иас өгсөн бөгөөд Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай найман мэргэжлээр 3362 хүний захиалга ирүүлсэн. Үүнээс техникчийн түвшний 216 мэргэжилтэй ажилтны захиалгыг төгсөгчдөөс шийдвэрлэх, 545 туслах ажилтныг мэргэшүүлэх шаардлагагүй гэж захиалагч тал үзсэн тул үлдэх 2601 цэргийн алба хаагчийг таван мэргэжлээр сургаж мэргэшүүлэхээр болсны дагуу Налайхын МСҮТ-д Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110, Батлан хамгаалахын их сургуульд 240 албан хаагчийг сургалтад хамруулсан нь ирэх сарын дундуур төгсөх юм.
Цэргийн алба хаагчдад иргэний мэргэжил эзэмшүүлэх сургалтыг гурван сарын хугацаатай явуулж нийтдээ 630-690 цагийн онолын болон дадлагын сургалтад хамруулах бөгөөд үүнээс 116 цаг нь онолын сургалтынх, 344 цаг нь симулятор дээр ажиллаж дадлагажих, үлдсэн хугацаа нь үйлдвэрлэлийн дадлагад гарахаар сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг баталсан бөгөөд танхимд үзэх хичээл нь дууссан тул бүгд үйлдвэрлэлийн дадлагад гараад буй нь энэ юм. Энэ удаагийн дадлагад хүнд машин механизмын оператор, завсарчин, жолооч мэргэжлээр сурч буй 277 сонсогч хамрагдаж Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төв, Шар хад дахь Хээрийн сургалтын төвд сурч, ажиллаж байна. Сонсогчид дадлагын хугацаанд мэргэжлийн багш нарын удирдлага дор Сургалтын төвд баригдах стадионы суурийн ажлыг гүйцэтгэж буйг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарт танилцууллаа.
Энэ үеэр Батлан хамгаалах яамны зүгээс Хөдөлмөрийн сайдад хандан тодорхой хүсэлтүүдийг тавьсан. Тодруулбал, цэргийн болон иргэний хос мэргэжил эзэмших сонсогчдод сургалтаа амжилттай дүүргэж, стандартад заасан ур чадвар эзэмшсэн тохиолдолд чадамжийн гэрчилгээ бус мэргэжлийн үнэмлэх олгох, мөн цэргийн алба хаасан хугацаагаар тэтгэвэрт эрт гардаг ахлагч нараа МСҮТ-ээр дамжуулан хос мэргэжил эзэмшүүлж энгийн газарт ажиллах боломжоор хангах зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас хүссэн. Сайд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсөн бөгөөд хоёр яамны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхболомжтой бусад зүйлийг ойрын хугацаанд хамраад шийдэхээр болсон юм.