Дархлааг дэмжих зорилгоор эм бэлдмэлд 453,9 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ
Засгийн газрын хуралдаанаар улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардалд зориулах 453,9 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулахаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд оруулж, хэлэлцүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасан билээ. Энэ талаар сайдтай ярилцлаа.
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл сая хуралдаад дууслаа. Хурлын шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Улс орон даяар олон түмний анхаарлын төвд байгаа нэг асуудал бол улаанбурхан өвчний дэгдэлт болчихлоо. Үүний эсрэг авч буй холбогдох арга хэмжээнүүд зүй ёсоор хүмүүсийн анхаарлыг татаж байна. Өчигдрийн /уржигдар/ байдлаар улсын хэмжээнд нийт 59 хүүхэд эндсэн мэдээ бий. Тодруулбал, ХӨСҮТ-д 18, орон нутагт 41 хүүхэд энэ оны эхний гурван сарын байдлаар энджээ. Энэ өвчний дэгдэлт өмнө нь мэр сэр гардаг байсан ч ийм хэмжээнд хүрч байсангүй.
Тиймээс өвчнийг таслан зогсоох чиглэлээр Ерөнхий сайд ХСҮТ-д биечлэн ажиллах үед Эрүүл мэнд, спортын яам, Хүн амын хөгжлийн нийгэм хамгааллын яамны ажлын хэсэг мөн ажилласан. Хамгийн гол нь, нярай, бага насны хүүхдэд улаанбурхан, дээр нь хавсарсан өвчний хүндэрлүүд ихээр нөлөөлж байна. Дархлаа дэмжих эм тарианы хангалт муу, мөн энэ чиглэлийн эм тарианууд өндөр үнэтэй. Доод тал нь гэхэд 160-180 мянган төгрөг байх жишээний. Тиймээс эм тарианы зардлыг нь хувь хүн, ар гэрийнхэн нь бүрэн гаргах боломж хомс байгаа юм. Ийм учраас долоон нэр төрлийн эм тариагаар ХСҮТ болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг хангах чиглэл Засгийн газраас өгсөн. Сангийн яам, ХАХНХЯ-нд өгсөн үүргийн дагуу бид долоон нэр төрлийн дархлаа дэмжигч эм бэлдмэлд зориулах 453,9 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Эрсдэлийн сангаас гаргахаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэлээ.
-Ямар эм бэлдмэлүүд багтсан юм бол?
-Дархлаа сайжруулах үйлчилгээтэй Албумин, Вантаксин, Ванкомицин, Будисол, Нобивент плюс, Иммуноглобулин Ж, Виферон лаа гэсэн долоон төрлийн эм, тариа багтсан.
-453,9 сая төгрөг хангалттай хүрэлцэх хэмжээний мөнгө байж чадах уу. Ер нь, энэ тооцоо судалгааг хаанаас гаргаж өгөв. Захиран зарцуулах эрх нь аль яаманд ногдож байгаа вэ?
-Энэ хөрөнгийг Эрүүл мэнд, спортын сайдын багц руу шилжүүлнэ. Тэндээс шаардлагатай эм тариаг худалдан авч ХӨСҮТ болон орон нутгийн эмнэлгүүдэд яаралтай шилжүүлэх арга хэмжээ авна. Энэхүү долоон төрлийн эм тариа, бэлдмэл очсоноор бага насны хүүхдүүдийн дархлааг дэмжих, хавсарсан өвчний хүндрэлийг арилгаж чадна гэж мэргэжлийн хүмүүс үзсэн. Харин тооцоо судалгааны хувьд Эрүүл мэндийн яамныхан гаргаж өгсөн. Эхний гурван сарын хугацаанд хэрэглэх эм, бэлдмэлийн мөнгө гэж болно. Ямар ч гэсэн улаанбурхан өвчний голомтыг намжаах, таслан зогсооход шаардагдах эхний гурван сарын хэрэгцээ гэж ойлгож болно.
-Эм тарианы хангалт яаралтай хийгдэнэ гэлээ. Яг хэдийд вэ гээд өвчиндөө шаналж буй хүүхдүүдийн эцэг, эх чих тавин хүлээж суугаа нь лавтай?
-Одоо /өчигдөр/ шилжүүлгээ хийнэ. Эрүүл мэндийн сайдын багц руу хийгдэхээр Эм импекс болон холбогдох эмийн импорт эрхэлж буй компаниуд нь хангалтаа хийж эхэлнэ. Угаасаа эмийн компаниудтайгаа урьдчилаад ярьчихсан. Ямар ч байсан эм бэлдмэлээ богино хугацаанд л хүргэхийг зорьж ажиллаж байна. Хүмүүс хүүхдүүдийг дан ганц улаанбурхан өвчнөөр өвчлөөд эндээд байгаа юм шиг ойлгодог. Гэтэл ихэнх тохиолдолд суурь болон хавсарсан өвчтэй хүүхдүүдэд хүндрэл үүсч буй юм. Ер нь улаанбурхан тухайн хүний үндсэн дархлааг сулруулдаг учир суурь, хавсарсан өвчтэй хүн илүү хүндээр өвдөөд байна. Тиймээс дархлааг нь сайжруулах, дэмжих тал дээр анхаарч буй нь энэ.
-Дээрх эм бэлдмэлүүд зөвхөн өвчнөөр оношлогдсон хүүхдүүдэд зориулагдах уу. Эсвэл эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамруулж байгаа юу?
-Энэ өвчнөөр оношлогдсон хүүхдэд зориулагдах юм. Ер нь бол улаанбурхан өвчний эсрэг хийгдэх вакцин ирэх сарын 2-нд орж ирнэ. Вакцинжуулалтын аяныг үндэсний хэмжээнд хийхээр болсон. Тэгэхээр хоёр тусдаа ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ удаа гарч буй зардал уг өвчнөөр өвчлөөд онош нь тодорсон, эмчилгээ шаардлагатай байгаа хүүхдүүдэд л зориулагдана.
-Амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд ихэнхдээ өвчилж байна гэх мэдээлэл бий. Тэгэхээр салбар яамны зүгээс эмзэг бүлгийн айл, өрхүүдэд эм тарианы тусламж хүргүүлэх ажил зохион байгуулах уу?
-Өвчин тусахад баян, ядуу гэх ялгаа байхгүй шүү дээ. Өвдсөн л бол тухайн хүүхдэд эм тариа өгөх ёстой. Салбар яамны хувьд хүүхдийн эндэгдлийг багасгах, өвчлөлийг таслан зогсоох чиглэлээр бид энэ яаралтай арга хэмжээг авч байгаа. Тодруулбал, ХАХНХ-ын сайдын хувьд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын хувьд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу энэ арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байна. Ер нь, бид өвчтэй байгаа хүүхдүүдийн амьжиргааны түвшинг харгалзаж үзэхгүй. Өвдсөн л бол тухайн хүүхдийг эрүүл болгохын төлөө шаардагдах бүх арга хэмжээг авах болно.
-Хүүхдүүдийн дархлаа сул байгааг хөхөөр хооллохгүй байгаатай холбоотой гэх мэдээлэл бий?
-Нийт өвдсөн хүүхдийн 80 орчим хувь нь хөхөөр хооллодоггүй байсныг эмч нарын хийсэн судалгаанаас харж болно. Тэгэхээр эхээс, байгалиас авах ёстой дархлаа бий болж чадаагүй болохоор энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд хүндрэл өгч байна. Тиймээс Ерөнхий сайд хүүхдийг эхийн сүүгээр бойжуулах, эхчүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагийг нь богиносгох чиглэлүүд өгсөн. Чиглэлийн дагуу Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ гурав хамтарч ажиллана.
-Ой хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд долдугаар сарын 1 хүртэл цалинтай чөлөө олгож ажиллахыг Ерөнхий сайд уриалсан. Энэ бодит амьдрал дээр биеллээ олох боломжтой ажил уу?
-Хөдөлмөрийн яам, Эрүүл мэнд, спортын яам үүн дээр ажиллаж, судалгаа гаргаж байгаа. Холбогдох арга хэмжээг авна. Өвчний дэгдэлтийг асар богино хугацаанд таслан зогсоох, дахин дэгдээхгүйн төлөө ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэхээр бүх холбогдох яамд ажиллаж байна. Мэдээж хэрэгжилтийг нь хангаж ажиллана.