МҮЭ-ийн холбоо “Майн баяр”-аар жагсана
2016.04.26

МҮЭ-ийн холбоо “Майн баяр”-аар жагсана

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон бусад гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Энэ бүтэн сайн өдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Хуучнаар “Майн нэгэн” хэмээн монголчуудын нэрлэдэг байсан энэ өдөр МҮЭ-ийн холбоо хөдөлмөр нийгмийн хамгааллын тодорхой асуудлаар үзэл бодлоо илэрхийлж Чингисийн талбайд жагсаал хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гаргасан цалин нэмэгдүүлэх тухай УИХ-ын 108 дугаар тогтоолын хэрэгжилтийг УИХ, Засгийн газраас шаардаж, хөдөлмөрчдийн дуу хоолойг төрд хүргэх юм байна.

Мөн Монгол улс нэгдэн орсон олон улсын конвенцийн заалтуудыг дагаж мөрдөхгүй байгаа талаар мэдээллээ. Тухайлбал, Монгол улс олон улсын хөдөлмөрийн байгууллагын 20 гаруй конвенцид нэгдэн орсон байдаг байна. Гэвч Эвлэлдэн нэгдэх эрх, Хамтын гэрээ хэлэлцээр байгуулах эрхийн тухай 87, 98 дугаар конвенцийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас олон хөдөлмөр эрхлэгчид хохирч байгааг онцоллоо. Иймд МҮЭХ-ноос тус конвенцийн хэрэгжилтийг хангуулах хугацаагүй кампанит ажил эхлүүлж буйгаа мэдэгдлээ. Тус конвенцийн 87 дугаар зүйлд Ард иргэдийн эвлэлдэн нэгдэх үйл ажиллагаанд төрийн зүгээс шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно гэж заасан байдаг байна.

Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн гишүүний шимтгэл гэж өөрийн цалингийн нэг хувийг сайн дураар өгдөг. Гэтэл Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл нэр бүхий салбаруудын МҮЭ-ийн гишүүн байгууллагын татварыг бүтэн жил зогсоосон. Энэ асуудлаар бид зургаан шатны шүүхээр явсан. Улсын Дээд шүүхээс “Өнгөрсөн хоёрдугаар сард МҮЭ-ийн холбооны эрхэнд ноцтой халдсан байна гэсэн” шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг өнөөдрийг хүртэл шийдэхгүй байна. Энэ талаар УИХ-ын өргөдлийн байнгын хороонд хандлаа. Хариу нь “дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэдэг чиглэлийг Засаг даргын орлогчид өгсөн байгаа. МҮЭ-ийн үйл ажиллагаа гишүүдийн санхүүжилтээр явагддаг юм. Тиймээс энэ санхүүжилтыг зогсоосноор хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байна.” гэв

Энэ үеэр Авто замын салбарын үйлдвэрчний холбооны дарга Д.Цэрэнпүрэв “Авто замын салбарт “Гудамж төсөл” дээр ажилласан 22 байгууллагын 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоогүй. Мөн авто зам, засвар ашиглалтын 28 компанийн санхүүжилтыг төсөвт найман тэрбум төгрөгөөр тусгаснаас 50 хувийн ажилчдын цомхотгол хийх иргэдийн замыг засах ажлыг гүйцэтгэх боломжгүй боллоо. МҮЭХ-ны олон салбарын асуудал ирэх сарын жагсаалаар яригдах болно.” гэж ярьлаа.