Цэц Ардын намын захиалга, Ардчилсан намын дэмжлэгтэйгээр шийдвэр гаргасан
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /өчигдөр/ хуралдаж, байр сууриа нэгтгэлээ. Харин “Шударга ёс” эвслийн бүлэг яагаад хуралдсангүй вэ?
-Манай “Шударга ёс” эвслийн бүлэг өнгөрсөн баасан гарагт хуралдсан.
-Тэгэхээр хэдийнэ байр сууриа нэгтгэчихсэн гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Тэгээд бүлгийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэв. Ялангуяа Цэцээс гаргасан дүгнэлтэд ямар шийдвэрт хүргэв?
-Бид хуралдаад Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн.
-Тийм гэж үү. Гэнэт яагаад байр сууриа өөрчилөх болов оо?
-Гол шалтгаан нь, МАХН болон МАН, АН-аас тус бүртээ Сонгуулийн тухай хуулийг өргөн барихад манай намын санаачилсан хүнийг дугуйлах хуулийн заалтыг тэд дэмжээгүй. Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрх барьж буй хоёр том намаас сонгуулийн үед 28 нэр дэвшигчийн нэрийг сонгогч нарт өгье. Ингэхдээ 1.2 сая сонгогчийн асуудлыг ярьж байгаа бол хүн бүрт нэг хуудас цаас өгье гэх утгатай хуулийн төсөл санаачилсан байсан. Харин бидний зүгээс тэгж илүү зардал гаргаж байснаас энэ 28 нэр дэвшигчээс нэг хүнийг дугуйлъя гэх саналыг оруулсан. Энэ нь жижигрүүлсэн тойргоор 5-6 мянга, томсгосон тойргоор бол 10-15 мянган хүнээр гарах юм. Бидний ярьж байгаагаар бол 200-300 мянган хүнээр дэмжигдэж парламентад сууна гэж ярьсан. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт нэлээн олны анхаарал татсан хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар ч гэсэн байр сууриа нэгтгэлээ. Нэг үгээр хэлбэл, иргэний харьяатын асуудалд давхар харьяалал бүхий гэх нэрээр гадны иргэд Монгол Улсын иргэншилтэй болох хандлагатай байна. Үүнийг нягтлан судлахаар боллоо. Өөрөөр хэлбэл, бид өнгөрсөн баасан гарагт гол асуудлаа ярилцаж, байр сууриа нэгтгэчихсэн учраас өнөөдөр /өчигдөр/ бүлгийн хуралдаанаа хийсэнгүй. Зөвхөн Ажлын хэсгүүдээ ажиллуулж байна.
-Тухайлбал?
-Сонгуулийн тухай хуульд миний бие болон Ц.Оюунбаатар гишүүн, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нараар ахлуулсан Ажлыг хэсэг ажиллаж байна.
-Нэгэнт л Цэцийн шийдвэрийг хүлээж авах байсан юм бол завсарлага авч хугацаа алдах хэрэг байсан юм уу?
-Яг бодит байдлыг харах юм бол Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хамтарч хэлэлцдэг. Тэр ч утгаараа Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн тохиолдолд Хууль зүйн байнгын хорооноос намайг, Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг явуулсан. Нэг үгээр хэлбэл, бид хоёрыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон гэсэн үг. Гэтэл миний итгэмжлэлийг хүчингүй болгосон. Ингээд Д.Лүндээжанцан гишүүн гацаараа очсон. Очсон даруйдаа “Цэц нэн яаралтай шийдвэрийг гаргалаа” гэх нэрээр хууль зөрчсөн. Нэгдүгээрт 2012 онд гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон. Хоёрдугаарт, УИХ-д үүрэг өгсөн шийдвэрийг гаргасан байдаг.
Ойлгосонгүй. Ямар үүрэг өгсөн юм бэ?
-Зарим хуулын заалтыг хүчингүй болгож өөрчил гэх чиглэл өгсөн юм билээ. Гэтэл Үндсэн хуулиар Цэц зөвхөн алдаатай заалтыг л хянах учиртай болохоос ямар нэгэн заалтыг өөрчлөх, тэр чигээр нь авч явах, эсвэл шинээр хууль өргөн барих зэрэгт үүрэг, чиглэл өгөх эрхгүй. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ердөө л ийм зүйл болсон.
-Ийм учраас л завсарлага авсан хэрэг үү?
-Тийм ээ. Улс төрийн хоёр том хүчин “Жижигрүүлсэн мажиротараар шийднэ” гэх мэдэгдэл хийсэн. Энэ бол маш том ухралт. Өөрөөр хэлбэл, хүн амын тал хувь нь сонгуульд саналаа өгдөг. Гэтэл 3-4-хөн мянган иргэний саналыг авч парламентад орж ирдэг байж болохгүй биз дээ. Тэр тусмаа 25 жил болсон гурав, дөрөв, хоёр үсгийн ард нуугдаж гишүүн болж болохгүй. Харин бидний хувьд 200-300 мянган хүний саналыг авч 28 нэр дэвшигч нь гараасай гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс зайлшгүй зөвшилцөлд хүрэх шаардлагатай. Энэ мэтчилэн маргаантай зүйл байсан болохоор л завсарлага авсан юм. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед буруу зүйлийг ярьж, бичиж байна.
-Юуг тэр билээ?
-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшилж магадгүй гэх зүйлийг ярьж байна.
-Үнэхээр хугацаа байгаа гэж үү?
-Энэ сарын 5-нд нэр дэвшигчдийг зарлана. Тэд ирэх сарын 11-нийг хүртэл юу ч хийхгүй шүү дээ. Хийх ч боломжгүй. Тэгэхээр бүтэн сар юу ч хийх боломжгүй байгаа нь хангалттай хугацаа юм. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо үүнийг мэдсэн учраас 14 хоног хойшлуулах хуулийн төсөл санаалчилсан. Энэ бүхнээс харахад хугацаа бол бий. Гол нь эх орныхоо эрх ашигт нийцсэн зүйлийг л ярих ёстой. Түүнээс биш хүчтэй нь хүчгүйгээ гэдэг шиг түрэмгийлсэн байдлаар асуудлыг шийдэж болохгүй.
-Нэгэнт эвслийн бүлэг шийдвэрээ эргэн харж дэмжихээр болсон болохоор энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хэлэлцэн дэмжих нь тодорхой боллоо. Ингэснээр Сонгуулийн тухай хуульдаа гар хүрэх эрх зүйн орчин бүрдэнэ. Гэхдээ цаг хугацаа нь тулсан үед Сонгуулийн тухай хуульд гар хүрэх нь олон нийтэд биш эрх баригчдад улам ашигтай болох эрсдэлтэй гэж улс төр судлаачид үзэж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Манай намын зүгээс Сонгуулийн тухай хуулийг өмнөх 2012 оныхоо хувилбараар явах нь зөв гэж үзэж байна. Эсвэл илүү боловсронгүй бөгөөд зөв хувилбарыг гаргаж ирэх ёстой.
-“Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авахдаа давхар Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн чадамжийн асуудлыг хөндөж байсан. Тэр ч битгий хэл, эрх баригчдын гар хөл болсон гэж тайлбарлаж байсан шүү дээ?
-Бид зөвхөн хүнийг дугуйлах хуулийн төсөл өргөн барьж, сонгууль болоход зургаан сарын өмнө ямар ч өөрчлөлт орохгүй гэж итгэж байсан. Гэтэл Үндсэн хуулийн Цэц МАН-ын захиалга, АН-ын дэмжлэгтэйгээр шийдвэр гаргасан. Ийм л зарчим, дэмжлэгээр л явдаг хүмүүс шүү дээ. Цэцийн даргыг огцруулснаас хойш үлдсэн гишүүд нь аль намын хүн бэ гэдэг нь илүү тодорхой болсон гэж бодож байна. Нэгэнт Цэц шийдвэрээ гаргасан. Бид хууль зөрчсөн гэдгийг нь эхлээд тайлбарласан.
-Ингэхэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бүлгээсээ гарах асуудлыг хөндсөн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-“Шударга ёс” эвсэл найман гишүүнтэй. Өнгөрсөн баасан гарагт болсон бүлгийн хуралдаанд долоон гишүүн оролцсон. Гэхдээ Д.Тэрбишдагва гишүүнтэй ойрын хугацаанд уулзаж, ярилцах бодолтой байна.
-Хэн нь оролцоогүй юм бэ?
-Ц.Цолмон сайд тухайн үед гадаадад томилолттой байж таарсан. Харин бусад гишүүдийн хувьд нэг дуугаар Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зөв гэж шийдсэн. Эсрэг байр суурьтай нэг ч хүн байгаагүй.
-Хувилбарын хувьд ч уу?
-Хувилбарыг бол ярилцах ёстой. Бүлгийн гишүүд ч санал нэгдсэн. Д.Тэрбишдагва гишүүн ямар нэгэн санал хэлээгүй. Үндсэндээ бид өнөөдөр Монгол Улс нэг тойрог, 76 гишүүнийг нийт хүн амаасаа гаргадаг болох нь зүйтэй гэж шийдсэн юм.
-Гэхдээ 48 тойргийг тавьсан хуулийн заалтыг Үндсэн хуулийн Цэц хөндөөгүй шүү дээ?
-Тийм ээ, тиймээс л үлдсэн 28 дээрээ ямар ч байсан 200-300 мянган сонгогч хүн дугуйлах нь зөв. Нэг үгээр хэлбэл, нэгдүгээрт орсон нэр дэвшигч 200-300 мянган хүний саналыг авч байж гарч ирнэ гэсэн үг юм.