МоАН Санаачилгын салбар Баянгол, Баянзүрх дүүрэгт байгуулагдлаа
2016.05.04

МоАН Санаачилгын салбар Баянгол, Баянзүрх дүүрэгт байгуулагдлаа

МоАН Санаачилгын Баянгол дүүргийн гишүүдийн анхдугаар хурал 2016 оны 04-р сарын 29-ний өдөр Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд болж 100 орчим гишүүд, дэмжигчид ирж оролцлоо.

Тус хуралд УИХ-ын гишүүн, МоАН Санаачилгын ерөнхийлөгч Л.Болд, УИХ-ын гишүүн, МоАН Санаачилгын Үүсгэн байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн А.Бакей нар хүрэлцэн ирж Санаачилгын үзэл санаа, тулгуур үнэт зүйлсийг танилцуулсан юм.

МоАН Санаачилгын ерөнхийлөгч Л.Болд Баянгол дүүргийн гишүүдийн анхдугаар хурлын үеэр Монголын Ардчилал өнчирсөн, өтөлсөн, бас өөхөлснийг онцолсон. Тэрээр Ардчилал өтөлсний тод жишээ нь шинэ залуу үеэ дэмжихгүй байгаагаар илэрч арчилгаа, өмгөөлөл, ухаарал байхгүйн улмаас өнчирч, байнгын идэвхитэй үйл ажиллагаа дутагдснаас өөхөлснийг тэрээр тодотгож байв. Энэ байдлаас гарч Ардчиллыг аврах үйл хэрэгт нэгдэж байгаа Баянголчуудад талархаж байгаагаа тэрээр гишүүдийн хурлын үеэр илэрхийлж байв. Баянгол дүүргийн МоАН санаачилгын Удирдах зөвлөлийн гишүүнд 15-н хүн сонгогдсон бол тэргүүнээр Ш.Баярааг сонголоо.

Харин Баянзүрх дүүргийн салбарын нээлт 2016  оны 04-р сарын 30-ний өдөр Сүнжингранд зочид буудлын хурлын танхимд болж 60 гаруй гишүүд, дэмжигчид ирж оролцсон юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, МоАН Санаачилгын Ерөнхийлөгч Л.Болд, МоАН Санаачилгын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаатар, Ж.Равдандорж, Д.Бямбаа, Л.Энхтуяа болон МоАН Санаачилгын Хяналтын зөвлөлийн дарга Э.Бадамгарав нар ирж оролцлоо. Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар Баянзүрх дүүргийн салбарын нээлтийн үеэр Ардчиллыг тасалгааны цэцэг, нялх хүүхэдтэй зүйрлээд тэдэнд байнгын арилчилгаа, сувилгаа, анхаарал, халамж хэрэгтэй байдгийн адил Ардчиллын үнэт зүйлсийг цаг үргэлж мэдэрч, түүнийг ил тодоор хамгаалж, үндсэн сэдвийг туслах явдлаас зааглаж чаддаг байх нь өнөө цагт чухал болоод байгааг тэрээр яриандаа дурдсан юм. Баянзүрх дүүргийн салбарт удирдах зөвлөлийн 9-н гишүүн сонгогдсоны 4 нь  эмэгтэй 5 нь эрэгтэй гишүүн байсан бөгөөд хүйсийн харьцаа, нас насны төлөөллийг сонгосноороо онцлогтой байв. Салбарын тэргүүнээр НИТХ-ын тэргүүлэгч С.Үнэн гишүүдийн олонхийн саналаар сонгогдож МоАН Санаачилгын ерөнхийлөгч Л.Болдоос салбарын батламжаа гардаж авлаа. Ийнхүү Баянгол, Баянзүрх дүүрэгт МоАН Санаачилгын 16, 17 дахь салбар тус тус байгуулагдлаа.