Нэр дэвшигчдийг зарлах хугацааг хойшлууахаас аргагүй
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2016.05.06

Нэр дэвшигчдийг зарлах хугацааг хойшлууахаас аргагүй

УИХ-ын чуулганы лхагва гаригийн нэгдсэн хуралдаанаар Ундсэн хуулийн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар УИХ-ын гишүүн болох нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж Цэц дүгнэснийг УИХ хүлээн зөвшөөрсөн юм.

Ингэснээр Сонгуулийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулахаар болоод буй. Гэсэн ч өөрчлөлтийг хэрхэн хийх, жагсаалтын 28 мандатыг хэрхэн хуваарилах талаар УИХ-ын төвшинд тодорхой яриа өрнөөгүй байна.

Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсантай холбоотйгоор СЕХ-ноос цөөнгүй ажлаа зогсоочихоод байгаа. Түүнчлэн намууд сонгуульд оролцуулах нэр дэвшигчдээ зарлах хуулийн хугацаа өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 9 гэхэд дуусах учиртай.

Ийнхүү цаг тулсан үед эрх баригчид дээрх өөрчлөлтийг яаравчлахгүй байгаа ба өчигдрийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар сонгуультай холбоотой ямар ч асуудал хэлэлцээгүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүлээгдэж буй асуудлаа яаравчлахыг эрх баригчдад сануулж, шаардсанаар чуулганыг завсарлуулсан юм.Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын гишүүн эвслийн бүлгээс гарч МАН-д орохоо мэдэгдсэн. Өмнө нь бие даагч хоёр гишүүнийг гишүүнчлэлээ сэргээхэд хүлээж аваад зогсохгүй Удирдах зөвлөлдөө нэгийг нь оруулсан. Үүн шиг хоёр гишүүнийг удирдах байгууллагадаа оруулах талаар ярьсан зүйл бий юү?

-Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-ынхаа гишүүнчлэлийг эргэн сэргээх талаар ярьж байгаа. Өнгөрсөн хугацаанд МАН, МАХН эвсэх асуудлаар нэлээд ярьж хэлэлцсэн. МАН-аас Ч.Хүрэлбаатар, МАХН-аас Ч.Улаан гишүүн ажлын хэсгийг ахалсан.

Тухайн үед бидний ярьсан яриа тодорхой хэмжээнд тохиролцож гарын үсэг зурсан санамж бичгүүд бий.

МАН, МАХН эвсч сонгуульд орсон тохиолдолд 76 суудлын 25-ыг буюу 34 хувийг МАХН-аас, 66 хувьд нь МАН-аас нэр дэвшүүлэхээр тохирсон байсан. Мөн сонгуульд эвсч ороод олонх болсон тохиолдолд аль нэг намын дарга нь УИХ-ын, нөгөө намын дарга нь сөөлжилж Ерөнхий сайд болно гэсэн тохироо хийсэн байсан. Харамсалтай нь, ярьж хэлснээсээ МАХН-ынхан буцсан.

Ажлын хэсэг ахалсны хувьд үүнд Ч.Улаан гишүүн сэтгэл дундуур байсан. Үнэхээр ч намын жирийн гишүүд дэмжигчдийн зүгээс хоёр намыг нэгдээсэй. Нэгдэж болдоггүй юм бол эвсээд сонгуульд ороосой гэж хүсч байсан. Энэ бол зөвхөн МАН, МАХН-ын гишүүдийн эрх ашиг биш. Монгол Улсын том эрх ашиг юм.

Тиймээс Монгол Улсад хэрэгтэй гэж үзээд эвсэх гэж үзсэн ч яриа хэлэлцээ маань бүтэлгүйтсэн. Энэ бүхэнд сэтгэл дундуур байгаагийн илрэл нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намын гишүүнчлэлээ сэргээхээр болсон явдал юм.

-Энэ хоёр гишүүнийг удирдах төвшинд ажилуулах эсэхэд та хариулт өгсөнгүй?

 -Энэ талаар одоохондоо яриагүй байна.

-Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал юу болов?

-Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хүлээж авсантай холбоотойгоор өчигдөр /уржигдар/ Сонгуулийн хуулийн ажлын хэсгийнхэн хуралдсан. Ажлын хэсгийнхэн Үндсэн  хуулийн Цэцийн дүгнэлтийн хүрээнд Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтүүдийг зарчмын хувьд шийдсэн.

Санал хураагаад нэгдсэн ойлголттой болчихсон байгаа. МАН-ын бүлэг уржигдар орой хуралдсан. Асуудлыг маш хурдан шийдээд, сонгуулийг хуулийн хугацаанд нь будилаан маргаангүй, шударга явуулах үүднээс хуулиа тодорхой болгох, нэг ойлголттой болгох ёстой гэдэг зарчмыг МАН-ын бүлэг барьж байгаа.

-Намууд өнөөдрөөс /өчигдөр/ нэр дэвшигчдээ зарлах ёстой. Тодорхой шийдэлгүй байгаа юм чинь энэ хугацааг хойшлуулахаас аргагүй боллоо гэсэн үг үү?

-Тавдугаар сарын 5-9-ний хооронд улс төрийн намууд УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаатай. Гэтэл пропорциналь тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэцээс гаргасан учраас хуульд нийцүүлэхийн тулд Сонгуулийн хуулийн холбогдох буюу УИХ-ын сонгуультай холбоотой заалтуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн.

Тиймээс намууд нэр дэвшигчээ тодруулах хугацааг хойшлуулахаас аргагүй болж байна. Нэр дэвшүүлэх хугацааг хойшлуулж байгаа нь сонгуулийг хугацаанд нь явуулахгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, намууд нэр дэвшигчээ зарлах хугацааг хойшлуулах нь сонгууль хойшлуулах шалтгаан болохгүй.

Нэг жишээ татахад та бүхэн санаж байгаа бол 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулаад зургадугаар сарын 8-нд сонгуулийн сурталчилгааг эхлүүлж байсан. Ерөөсөө долоохон хоногийн дотор л үүнийг хийж байсан.

Тэгэхээр энэ сардаа багтаагаад нэр дэвшигчдээ Тодруулчихад ирэх сарын 11-нд сурталчилгаагаа эхлүүлэх бүрэн боломжтой. Цаг хугацааны хувьд айхтар зөрчил гарахгүй. Тиймээс сонгуулийг хугацаанд нь явуулах ёстой. Харин нэр дэвшигчдийг тодруулах хугацааг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор            зайлшгүй хойшлуулж таарах нь.

-МАХН-аас хоёр гишүүн гарчихаар эвсэл үйл ажиллагаа явуулах чадамжгүй болно. Хамтарсан эвсэл нь чадамжгүй болчихоор Засгийн газар задрах юм биш үү?

-Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд эвсэл задрахаар Засгийн газар чадамжгүй болох эрх зүйн орчин бий. Гэхдээ сонгууль дөхсөн энэ богино хугацаанд Засгийн газар огцрох ёстой гэж ярих нь зөв эсэхэд эргэлзэж байна.

Засгийн газар чадамжгүй болсон. “Та нар огцор” гэх нь зохимжгүй юм уу гэж би хувьдаа харж байгаа. Үлдсэн хугацаандаа Засгийн газар ажлаа хийгээд явчихад болохгүй юмгүй. Харин эвсэл нь задарсантай холбоотой Засгийн газарт байгаа сайд нараа хэрхэх вэ гэдэг нь дотоод асуудал болж таарна.

МАХН, МҮАН-ын “Шударга ёс" эвслийн бүлэг наймаас дээш гишүүнтэй байж чадахгүй болж байгаа учраас бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихож байна.