Хоосон яриа
Сүнс, хий үзэгдэл бол хүмүүсийн амнаас ам дамжин яригдсаар ирсэн зүйл юм. Шинжлэх ухааны нэг судалгаагаар хүний амьд байх үеийн биеийн жинг нарийн хэмжиж тогтоогоод үхсэний дараа маш бага хугацаанд ахин хэмжилт хийхэд зөрүү гарсан байдаг. Үхсэний дараах жин бага болсон байна. Ингээд үзэхээр сүнс байдаг талаар яриа оргүй хоосон ч бас биш юм шиг.
Сүүлийн үед "Засгийн газрын ордон сүнстэй болсон" талаар ярьж эхлэх боллоо. Учир юун хэмээн чих тавьтал ерөөсөө олдохгүй байгаа нэг зүйл байгаа гэх. Тэр олдохгүй зүйл нь нэг ч биш хэд хэдэн байгаа юм гэнэ. Тэр нэг айхтар болохгүй "сүнс"-ийг олж хараад байгаа хэдэн мундаг зөнч, далдын хүч чадалтай хүмүүсийн ур чадвар нь илрэн гарчээ.
Тэдний хэлж байгаагаар "сүнс" гээд байгаа нь төрийн эрх мэдэлтнүүд юм гэнэ. Тэр сүнс нэлээн "тарган сүнс" болж таарлаа.
Ард түмний элч болж, очиж байгаа хэдэн гишүүд минь хэн хэнийгээ танихгүй болоод дуусчээ. Сүүлдээ бүр бие биенийгээ муулж дуусахгүй "сүнс" олж хардаг болжээ. Хий юм хараад байгаа юм байх. "Тарган сүнс"-ний бүх буруу нь энэ билээ. "Сүнс" хардаг хүнийг мундаг бөө удган гэж нэрлэдэг. Тэгэхээр төрийн эрх баригчид мундаг үзмэрчид болжээ.
Угтаа бол "сүнс" гэж юу байхав дээ. Нэгнийхээ хийсэн муу зүйлийг л төлөөлүүлэн хэлж байгаа юм. Нэрийг дуудаж хэн гэдгийг нь хэлэх юм бол ард иргэд бид чинь ойлгоно шүү дээ.
"Сүнс"-ийг олж аваад л хариуцлага тооцох хэрэгтэй болж байх шиг байна даа. Төрийн төлөө биш өөрийн төлөө орилж байгаа хүмүүс үнэхээр идэж уусан хүнийг нь олж харсан бол хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй хоосон орилоод байхаар яаж бид нар ойлгох билээ.
Сонгууль гэж хүмүүсийн чихийг дэлдийлгэж нүдийг бүлтийлгэсэн их зүйлийн дараа их идэж уугаад байгаа "тарган сүнс" нь алга болоосой. Болохгүй бол тэр сайхан сэтгэлтэй иргэдийн төлөө гээд байгаа хүмүүс лам дуудаж ном уншуулдаг юм уу эсвэл өөрсдөө сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.