Гадаадаас авсан ажиллах хүчний тоо 70 хувиар буурсан
2016.05.06

Гадаадаас авсан ажиллах хүчний тоо 70 хувиар буурсан

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг саяхан нэгдүүлж 240 мянган төгрөг хүргэх шийдвэр гаргасан билээ.

Хуулиараа бол  хоёр жилд нэг удаа удаа нэмэх ёстой ажээ. Гэвч энэ хугацаа нь хэтэрсэн байсныг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ. Тэрээр өчигдөр Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо үүнийг онцолсон юм. Монголын үйлдвэрчний эвлэлээс цалингийн доод хэмжээг 40 хувиар нэмэх санал гаргасан ч гурван талт хэлэлцээрийнхээ үед ярилцаад 25 хувиар нэмж 240 мянган төгрөгт хүргэхээр тогтжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх хугацаа нь болсон байснаас гадна өөр нэг хүчин зүйл нөлөөлжээ. Энэ бол тэтгэврийн хэмжээ юм байна.

Олон улсын хөдөлмөрийн конвенцод “Хөдөлмөр эрхэлж байгаа хүн тэтгэврийн дундаж хэмжээнээс бага цалин авах ёсгүй” гэсэн зохицуулалт байдаг юм байна.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг 55 мянган иргэн байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Хөдөлмөрийн сайдын онцолсон дараагийн асуудал нь насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхгүй байхтай холбоотой асуудал байлаа.

Сайдын тушаалаар насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталжээ. Уг жагсаалтад барилгын талбай дээрх бүх төрлийн ажил, арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх, цирк болон ардын урлагийн үзүүлэх тоглолтод оруулах ажил, авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажлууд багтсан байна.

Монгол Улсын хэмжээнд 100 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй нь хүнд хөдөлмөр эрхэлдэг байна. 2015 онд улсын хэмжээнд хурдан морь унаач зургаа, барилга дээр ажиллаж байсан зургаан хүүхэд амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ.

Мөн 1000 гаруй хүүхэд хурдан мориноос унаж бэртсэн байна. Хөдөө орон нутагт залуу малчдын тоо цөөрч байгаатай холбогдуулан мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдэд  малчны анги нээсэнтухайгаа Хөдөлмөрийн сайд онцоллоо. Энэ нь анх удаа хэрэгжүүлж буй шинэ бодлого биш бөгөөд олон жилийн өмнө залуу малчдыг бэлтгэдэг байжээ. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд сурч байгаа залуу малчдад хэн хичээл заах юм бэ?

-Орчин цагийн хөгжлөө дагаад малчид мал аж ахуй эрхлэхээсээ гадна өөрийгөө хөгжүүлэх, суралцах шаардлагатай байгаа. Малчин бол мэргэжил гэдэгтэй малчид өөрсдөө санал нэгдэж, суръя, боловсоръё гэсэн санал гаргасан.

Ийм учраас малчин залуучуудад дадлага туршлагатай, хөдөлмөрийн баатар малчнаар хичээл заалгаж байгаа. Малчин хүн өөрөө үйлдвэрлэгч, экспортлогч байх ёстой. Хөдөө аж ахуйн гаралтай олон төрлийн бүтээгдэхүүнийг яаж боловсруулах, малын гаралтай өвчний эхний шинж тэмдгийг мэдэх, ухаалаг гар утсаараа мал аж ахуйн салбарт хамаарах мэдээлэл авч Төрийн банктайгаа холбогдох гээд амьдралд шаардлагатай олон зүйлийг зааж сургана.

-Барилга, уул уурхайн салбар зогсонги байдалтай байгаагаас шалтгаалж ажилгүй иргэдийн тоо буурахгүй байгаа байх. Өмнөх жилтэй харьцуулахад ажилгүйдлийн төвшин ямар байгаа вэ?

-Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл улирлын чанартай байдгаараа онцлогтой. Зуны улиралд ажлын байр нэмэгддэг, өвөл уурхай, барилгын ажил зогсдог. Тийм учраас нэмүү өртөг шингэсэн олон ажлын байр бий болгох үйлдвэрлэлийн эдийн засгийн бүтцийг бий болгох шаардлагатай.

Хөдөлмөрийн яамнаас ойрын хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг өргөн барина. Үүнд улирлын чанартай эдийн засгийн бүтцээсээ салах бодлогыг тусгасан. Мөн ажлын байрыг хадгалах хамгаалах, шинээр бий болгох чиглэлээр Хөдөлмөрийн яамнаас есөн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Түр ажлын байр бий болгох, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 35-аас дээш насныхан, оюутан, залуучууд руу чиглэсэн гэх мэт хөтөлбөрүүд бий. Нөгөөтэйгүүр гаднаас ажиллах хүчин авахыг өөгшүүлэхгүй. Одоогоор 7262 гадаадын иргэн ажиллаж байгаа нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байгаа.

Ер нь цаашдаа гадаадаас авах ажиллах хүчний тоог буруулах бодлого баримтална. Учир нь, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээрээ дамжуулан хангалттай хэмжээнд ажилах хүч бэлтгэж байгаа.ё