Мэндчилгээ
2016.04.28

Мэндчилгээ

    Монгол улсын засгийн газрын 2013 оны 120-р тогтоолоор жил бүрийн 4-р сарын 28 ны өдрийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгон тэмдэглэх тухай шийдвэр гарсан билээ.

Хийсэн бүтээснээ эргэж харах, хийж бүтээхээ төлөвлөж харах нь хүний сэтгэлийн нэгэн жаргал  учраас хүн баярлах дуртай байдаг бизээ. Тэр дундаа нийгмийн хамгааллын салбарын ажилтан бидний ажил үйлс иргэддээ сайн сайхан ирээдүйг бүтээхэд чиглэж тэдэнтэй байнга  ажиллаж байдаг чанараараа онцгой бүлээн дулаан сэтгэгдлийг иргэд үйлчлүүлэгчддээ төрүүлж тэднээсээ байнгын ерөөл хуримтлуулж байдаг онцлогтой. 
    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсан өдрөөсөө өнөөдрийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд ард иргэдийнхээ хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 15 хууль санаачилж УИХ-аар батлуулсан бол засгийн газрын тогтоол 36-г гаргуулж иргэдийнхээ эрх зүйн чадамжийг сайжруулж ажиллажээ. Нийгмийн бүлэг тус бүрт зориулсан хурал чуулган зөвлөгөөнийг ахмад настан,эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудад зориулан зохион байгуулж гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж чамгүй амжилтанд хүрлээ. Нэг үгээр Монгол улсын  иргэдийн эрх зүйн чадамж дөрвөн жилийн өмнөхөөс үлэмж хэмжээгээр бэхжсэн төдийгүй амьдралын баталгаат түвшин ч мэдэгдэхүйц сайжирсан амжилттайгаар бид өнөөдрийн баяраа тэмдэглэж байна.
     Бид энэ хугацаанд гадагшаа чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж чадсаны бэлээхэн гэрч нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бодит болгох Инчеоны стратегийг хүлээн авсны зэрэгцээ Ази тивийн залуучуудыг эх орондоо чуулуулж тэдний ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудтай залуучуудаа танилцуулсан явдал юм. Аливаа өндөрлөгөөс алсын бараа тод харагдах учир  бий. Бид өнөөгийнхөө өндөрлөгөөс ирээдүйгээ ч тод сайн харж байна. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбарын ажилтнууд та бидэнд хойч үе, бидний ирээдүй болсон хүүхэд багачууд, хатан ухаант бүсгүйчүүд, залуу нас ухамсарт амьдралаа үр хүүхэд биднийхээ сайн сайханд зориулсан ухаант мэргэн буурлууд, та бидний дунд  аливаа эрхээр дутаж гацахгүй амьдрахсан гэж мэрийж яваа хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүхий л бүлэгт чиглүүлж боловсруулсан бодлогоо үр дүнд хүргэхийн төлөө чармайн ажиллах зорилго бий. 
     Монгол төр, Монгол улсынхаа иргэн бүрийн өмнө хүлээсэн үүргээ хатуу ухамсарлан, эелдэг шуурхай үйлчилгээг эрхэм болгож үйлчлүүлэгч бүртээ баяр баясгалан түгээж ажиллацгаая. 
     Та бүхэнд мэргэжлийн баярын чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлэе.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ