УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхдэд ээлтэй гишүүн” боллоо
2016.04.26

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхдэд ээлтэй гишүүн” боллоо

УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай хууль болон хүүхэд хамгааллын тухай хуулиудыг энэ оны хоёрдугаар сард батлуулсан билээ.

 Монгол улсад Хүүхдийн эрхийн хамгаалах цогц бодлого бий болгохын төлөө эдгээр хуулиудыг санаачлан батлуулсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон хуулийн төслийн ажлын хэсгийхэнд талархал илэрхийлэх хүндэтгэлийн өглөөний зоогийг өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгууллаа.

Энэ үеэр тус газрынхан УИХ-ын гишүүн С.Одонтуяад хүүхдийн төлөө хийсэн бүтээснийг нь үнэлж, НҮБ-ын хүүхдийн сан, Адра Монголиа, Хүүхдийг хамгаалах сан, Дэлхийн зөн, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудаас “Хүүхдэд ээлтэй гишүүн” цом болон өргөмжлөлийг гардуулсан юм.

Хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хоёр хууль нь Монгол улсад 20 жилийн дараа хийгдэж буй эрх зүйн шинэчлэл, хүүхдийн төлөө гэсэн бодит ажил гэдгийг Хүүхдийн төлөө үндэсний газрынхан онцолж байв.