Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2016.05.19

Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан нар өнөөдөр /2016.05.19/ Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн Санхүү ба зах зээл хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Женнифер Исерн, Монгол дахь Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн Улаанбаатар хотод суугаа суурин төлөөлөгч Туен Нгуен нарыг хүлээн авч уулзав.  

Уулзалтын эхэнд ноён Туен Нгуен, цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр, Олон улсын санхүүгийн корпораци нь Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг дурдав. Тус корпораци анх 1999 онд арилжааны банкинд дэмжлэг үзүүлэн хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо санхүүгийн салбарыг хамарсан том төслүүдийг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Ноён Туен Нгуен хэлэхдээ, манай байгууллагын үйл ажиллагааны гол зорилго бол эдийн засгийг дэмжих, ялангуяа жижиг, дунд бизнесийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлж, үүгээрээ эдийн засагт хувь нэмэр оруулах юм. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн Санхүү ба зах зээл хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Женнифер Исерн анх удаа Монгол Улсад ирээд байна. Тэрээр бүс нутаг дахь хөгжиж буй орнуудад санхүүгийн салбарын бодлошо, санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх, жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан явуулдаг. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци Улсын Их Хурлын холбогдох байнгын хороотой хамтран Хөдлөх  хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд Та бүхэнд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Нөгөөтэйгүүр, цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар санал солилцох хүсэлтэй байна хэмээлээ. 

 

Хатагтай Женнифер Исерн, багийнхаа Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцахаар хүрэлцэн ирсэн болохоо Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулав. Монгол Улсын Их Хурал 2015 оны 07 дугаар сард Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль ирэх 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци дээрх хуулийг сурталчлах ажлын хүрээнд олон ажил хийж байгааг хатагтай Женнифер Исерн дурдав. Дээрх хуулийг хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн байгууллагууд мэдээллийн санг бүрэн дүүрэн ашиглан, жижиг, дунд бизнест олгох зээлийн хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлвэл Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх төслийн бодит үр дүн болохыг тэрээр тэмдэглэн хэллээ.  

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат,  Монгол Улсын Их Хурал хууль, эрх зүйн чухал шинэчлэлтүүдийг хийж байгааг тэмдэглэн хэлэв. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 25 жил өнгөрсөн ч хууль эрх зүйн шинэчлэлээ хийх зайлшгүй шаардлага байсныг дурдаад, “Өнөөдөр бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, олон улсын жишигт нийцсэн хууль эрх зүйн орчны шинэчлэлтийг хийлээ. Үүний үр дүн шууд харагдахгүй ч улс орны нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эерэг өөрчлөлтүүдийн суурь болно” гэв. Мөн тэрээр, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци нь Монгол Улсад бодит дэмжлэг болохуйц олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдгийг тэмдэглэн хэлж байлаа.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хэрэгжихэд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран хэрэгжүүлж буй дээрх төсөл чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлэв. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс хамааран улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед жижиг, дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх, ажлыг байрыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн хууль эрх зүйн орчныг бий болгосон нь өндөр үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Мөн тэрээр,  Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ажилласан болохыг дурдаад, энэ чиглэлийн эрх зүйн орчныг шинээр бүрдүүлсэн нь чухал болохыг онцоллоо. 

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, дээрх хууль нь барьцааны эрх зүйг өндөр түвшинд гаргасан, хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүд хаалгыг нээсэн зохицуулалттай болгосноороо чухал ач холбогдолтой болсон хэмээн улс төрчид төдийгүй бизнес эрхлэгчид үнэлж байна. Уг хууль энэ оны 09 дүгээр сард хэрэгжиж эхлэхээс өмнө техникийн шинжтэй шийдэх асуудлууд бий. Улсын Их Хурлаас үүнд шаардлагатай санхжүүжилтийг хийх үүргийг 2015 онд Засгийн газарт өгсний дагуу бэлтгэл ажил хангагдаж байна. Хууль хэрэгжиж эхэлснээр жижиг, дунд бизнес эрхлэгчид, цаашид энэ төрлийн бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хувьд зэх зээлийн эдийн засагт шилжээд 25 жил болж байна. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн туршлагатай байгууллагаас мэргэжлийн зөвлөгөө, техникийн туслалцаа авч, хамтран ажиллахад таатай байдгийг зориуд дурдмаар байна гэв. 

 

Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, нөлөөлж буй хүчин зүйлс, хэтийн төлөвийн талаарх Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн төсөөллийн талаар ярилцав. Монгол Улсын эдийн засаг гаднын нөлөөллөөс хамаараад сайнгүй байгаа ч дунд болон урт хугацааны төлөвийг Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци өөдрөгөөр харж байгааг ноён  Туен Нгуен дуулгалаа. Ойрын 6-12 сарын хугацаанд Тус байгууллагын зүгээс санхүүгийн салбарт 5-6 том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Энэ нь Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс Монголын эдийн засгийн ирээдүйн өсөлтөд итгэлтэй байгаагийн бодит илэрхийлэл гэж илрэл  үзэж болно гэв. Хатагтай Женнифер Исерн Ази, Номхон далайн бүсийн олон оронд ажиллаж байгаа мэргэжилтний хувиар Монгол Улс ардчиллыг үнэт зүйлээ болгосныг бахархалтайгаар харж байдаг ба энэ нь хамтын ажиллагаанд ч чухал үр дүнтэй байхын чухал шалтгаан гэдгийг онцолсон юм.

Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци Монгол Улстай урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж ажилладаг болохыг тэмдэглэлээ. Аливаа улс орны хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамгийн чухал нь тогтвортой байдал, тодорхой, таамаглаж болохуйц нөхцөл байдал, түүнчлэн мэргэжлийн бодлогуудыг гаргасан, олон улсын жишигт нийцсэн эрх зүйн орчин байдаг. Энэ хэрээр хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж,  үр дүнд нь Монгол Улсын эдийн засаг сайжирна гэдэгт итгэлтэй байдгаа танилцууллаа. 

 

Уулзалтын төгсгөлд  Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан нар Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн Санхүү ба зах зээл хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Женнифер Исернийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.