Оффшор данстай бол хадны мангаа гэж болохгүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2016.05.23/ хуралдаж, уг хурлаар яригдсан асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх Нийтийн болон төрийн албанд ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуулийг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. Энэхүү хуулийн төслийг хоёр жилийн өмнө Ж.Батзандан нарын гишүүд өргөн барьсан байна.
Түүнчлэн энэ долоо хоногт Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Төсвийн байнгын хорооны даргыг томилох асуудал яригдана. Харин АТГ-ын даргыг томилох асуудал энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт багтаагүй тул Ардчилсан намыг хууль зөрчиж байна гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдэгдлээ. Тэрээр “Чингис” бондын зарцуулалтын асуудлыг дахин хөндөж, “Чингис” бондын зарцуулалтын талаарх судалгааны материалыг АТГ-т өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
-Та хоёр УИХ-ын сонгуульд аль тойргоос нэр дэвших вэ?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Би Ховд аймагт нэр дэвшинэ, тус аймагт гурван мандат олгож байгаа. Тиймээс би аль ч тойрогт нэр дэвших эрхтэй. Ардчилсан намынхан намайг ялалт байгуулчих вий гэсэн болгоомжлолоор хандаж байсан. Жишээ нь, аавын минь төрсөн сумыг нэг тойрогт, ээжийн минь төрсөн сумыг өөр нэг тойрогт, миний төрсөн сумыг нөгөө тойрогт нь хуваарилсан байна лээ. Гэсэн ч би Ховд аймагт, УИХ-ын сонгуулийн 35-р тойрогт дэвшинэ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Би Дархан-Уул аймагт нэр дэвшинэ.
-Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд оффшор дансны асуудалд холбогдсон Ардчилсан намын гишүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Танай намынхан оффшор дансны асуудалд холбоотой хүмүүсийг нэр дэвшүүлэх үү?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Оффшор данстай бол хандны мангаа гэж хандаж болохгүй. Монгол Улсад 1993-2013 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт хэлбэрээр 14 тэрбум ам.доллар орж ирсэн. Найман тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Гадаадын хөрөнгө оруулалтаар манай улс хөгжиж, эдийн засаг сайжирсан. Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээснээс болж өнөөдөр эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал муудаж байна” гэж бид ярьдаг.
Тэгвэл гадаадаас орж ирж байгаа нийт хөрөнгийн дийлэнх нь оффшор бүсүүдээс орж ирдэг юм байна. Монгол Улсад хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгжийн 920 нь оффшор компани юм байна. Жишээлбэл, “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Хүннү калл” зэрэг компаниуд бүгд оффшор компани юм байна. Ингээд үзэхээр оффшор компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан уу, хууль зөрчсөн үү гэдэг асуудал.
Оффшор компанийн хувьцаа эзэмшиж байгаа, данстай нөхөд хуулийн хүрээнд олсон орлогоороо оффшор компанийн данстай болсон уу, хууль бусаар олсон орлого, авлига авсан мөнгөөрөө тэр компанийн хувьцааг авсан уу гэдгээрээ ялгаатай байх ёстой. Оффшор болгоныг муухай гэж болохгүй. Хууль зөрчсөн үйлдлээрээ оффшор компанийн дансанд мөнгө байршуулсан бол яах аргагүй асуудал юм. Түүнээс бус “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Хүннү калл” зэргийг оффшор гэж цоллох юм бол Монгол Улсад оруулж ирсэн хөрөнгө оруулалт гараад явчих байх.
-МАН-ын Бага хурал хэзээ хуралдах вэ?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа тавдугаар сарын 23-27-ны хооронд үргэлжилнэ. Үүнээс өмнө Бага хурлаа зарлаж, нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Ер нь тавдугаар сарын 25, 26, 27-ны аль нэгэнд хуралдах байх.