Бакей.А 2016.05.24 | Сайт: Vip76.mn

Хяналтын хууль мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг цэгцэлнэ

Хяналтын хууль мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг цэгцэлнэ

Хяналтын тухай хуулийн төслийг төрөөс иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хйиж буй хяналт, шалгалтыг нэгдсэн стандартад оруулж, шалгуулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор боловсруулжээ. 

Төрөөс хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, нийтийн эрүүл ахуй, эм, эмчилгээний аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, галын аюулгүй байдал, хүнсний бус өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүний аюулгүй байдал зэрэгт хяналт тавина.

Хяналт эрсдлийн үнэлгээнд суурилах ёстой бөгөөд шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хүндэтгэн харьцана. Хяналт нь торгож шийтгэхдээ гол нь биш, шалгуулагчийн үйл ажиллагааг дэмжсэн, өсөлтийг хангахад чиглэх ёстой.

Зах зээлийн хуулиар зохицуулагдах зүйлд төр хяналт тавихгүй.

Хяналтыг давхардуулахгүй байхаас гадна шалгуулагчийн талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах байдлаар хяналт, шалгалт явуулахыг хориглоно. Хяналтын арга хэлбэр, авах арга хэмжээ тухайн зөрчил, дутагдалд тохирсон байх ёстой.

Тухайн хувь хүн, байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлэх, шинэчлэх, өргөтгөх болон холбогдох хууль тогтоомж өөрчлөгдсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөгөө, мэдээлэл, сургалт авч болно.

Нэг объект дээр хийх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нийт шалгалтын хугацаа ажлын 30 өдрөөс хэтэрч болохгүй. Хяналтын улсын байцаагч өөрийн чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар баримт материал шаардах эрхгүй. Байцаагч шалгалтыг эхлүүлэхдээ улсын байцаагчийн үнэмлэхээ заавал үзүүлэх ёстой. Байцаагчийн буруутай үйлдлээс болж хохирол учирвал шалгуулагч хохирлыг нэхэмжлэнэ. Түүнчлэн хуулиар тогтоосон шалгалтын хугацаа хэтэрсэн бол шалгалт хийлгэхээс татгалзах эрхтэй.

... Бага болон дунд түвшний эрсдэл бүхий үйл ажиллагаа явуулж буй иргэн, байгууллагад эхний жилд төлөвлөгөөт шалгалт хийх шаардлагагүй, харин зөвлөгөө өгч болно ...

Улсын байцаагч өөртөө, гэр бүл, садан төрлийн хүмүүст шалгалт хийхгүй. Мөн шалгуулагчийн зардлаар аялах, шан харамж авах, шалгуулагчтай хуйвалдах, ая тал засах, зөрчил, дутагдлыг нуун дарагдуулах хориотой.