Асуудлаас бултахын тулд эрх баригчид чуулганыг засварлуулсан
УИХ-ын даргын захирамжаар хаврын чуулганыг сарын хугацаатай түр завсарлуулсан нь хуулийн хугацаанд батлагдах ёстой, хэлэлцүүлгийн шатанд яваа олон хуулийн төслийг тодорхой байдалд орууллаа гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.
Энэ талаар МАН -ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хаврын ээлжит чуулганыг энэ сарын 31 хүртэл хуралдуулаад завсарлуулахаар төлөвлөсөн байжээ. Гэтэл УИХ дахь намын бүлгүүд, гишүүдтэй зөвшилцөж ярилцалгүйгээр төлөвлөсөн хуулийн төслүүдээ хэлэлцэж амжилгүй завсарласан нь туйлын эмгэнэлтэй байна гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрээр Чуулганыг хууль зөрчиж завсарлуулсан. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй Эрүүгийн байцаан шийтгэх тухай. Прокурорын байгууллагын тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай зэрэг олон хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох ёстой байсан.
Ингэснээр энэ хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх байсан ч амжихааргүй боллоо. Энэ долоо хоногт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, оффшор данстай хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг УИХ хэлэлцэх байсан. Энэ хуулийн төслийг МАН- ын бүлэг дэмжиж батлах ёстой гэж үзэж байсан. АН-ын дарга оффшор данстнуудыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж амласан. Асуудлыг дэмжээд ярья гэхээр УИХ-аа өөрөө завсарлуулчихлаа. Ам, ажил нь зөрлөө. Эвгүй асуудлаас бултахын тулд эрх баригчид чуулганыг завсарлуулсан” гэв.