Тэтгэвэр тогтоолгосон ахмад настан хөдөлмөр эрхэлж болно
2016.06.02

Тэтгэвэр тогтоолгосон ахмад настан хөдөлмөр эрхэлж болно

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга /

Өргөн барьсан огноо: 2015.06.16

Хууль санаачлагч, өргөн барихад оролцсон бусад УИХ-ын гишүүд: Г.Баярсайхан,

Монгол Улс Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд батлан гаргаснаас хойш 18 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Харин 2015 онд өргөн  барьсан “Хөдөлмөрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгад өмнөх хуулийн 50 орчим хувьд өөрчлөлт оруулахаар тусгажээ.  

Шинэчилсэн хуулийн төслөөр  ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлжээ. Мөн хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүрэн бус цагаар ажиллах, оюутны хөдөлмөр эрхлэлтийн харилцааны онцлог зохицуулалтыг тусгаж өгсөн байна.

Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох, түүнчлэн ажилтны цалин хөлсийг цагаар, тухай бүр олгож байх, гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулах зэрэг асуудлыг тусгажээ.

Уг хуулийн төсөлд хөдөлмөрийн хяналтыг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцүүлсэн байдлаар тусгахаар заажээ. Мөн уул уурхайн салбарт ажиллаж байгаа монгол болон гадаад ажилчдын цалин хөлсийг ижил хэмжээгээр олгох, ээлжийн амралтын хугацааг уртасгах зэрэг заалтуудыг оруулсан байна.

Мөн өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан хөдөлмөр эрхэлж болно

Одоо мөрдөж байгаа хуулиар хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоог зохицуулж чадахгүй байгаагаас цалин хөлс нь ажилтны ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдахгүй байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмэгтэйчүүд, ахмадуудын цалин хөлсний ялгаварлал, ажиллах нөхцлийн тэнцвэргүй байдлыг арилгах, тэдний хөдөлмөрлөх эрхийг тодорхой болгохоор хуульд тусгаж өгснөөрөө онцлог.  

Тус хуулиар төрийн болон төрийн өмчийн оролцоотой ААН, байгууллагад нэг гэр бүлийн буюу төрөл саднаа хөрөнгө, мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглосон нь хээл хахуул, танил тал харах зэрэг нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд чухал заалт болжээ. Мөн өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан хөдөлмөр эрхэлж болно гэж заасан нь олон хүнд хэрэгтэй, ач холбогдолтой заалт болсон юм.