Ажилтай орлоготой монгол иргэд ажлаа тайлагналаа
2016.05.31

Ажилтай орлоготой монгол иргэд ажлаа тайлагналаа

    Энд бүх зүйл байна. Ташуу энгэртэй дээл, ээтэн хоншоортой гутал, толгойн хив гоёлоо зүүсэн хатад тэмдэглэлийн дэвтэрт бууж, таван хошуу мал шатрын хөлөгт заларчээ.

Шүр сувсан эдлэл, охидын үсний даруулга, жижигхэн авдар, эсгий гутал, арьсан цүнх гээд хэн хүний хараа булаах, “Монголчууд ийм зүйл хийж чаддаг болсон юм уу” гэж дуу алдуулах гар урлалын бүтээгдэхүүн өчигдөр Чингисийн талбайд дэлгэгдлээ. Энэ бол Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн үр дүн аж. Тус хөтөлбөрийн хэрэгжилт болон үр дүнг  олон нийтэд танилцуулах, хөдөлмөрийн салбарын үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан юм. 



    “Ажилтай орлоготой монгол хүн” хөдөлмөрийн өдөрлөгт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс, хувийн хөдөлмөрийн бирж, аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо. Өдөрлөгийг нээж, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Монгол Улсын их дээд сургууль, МСҮТ-ийн төгсөгчдийн хонхны баяр болж байгаа энэ цаг үед хөдөлмөрийн өдөрлөг болж буйгаараа ихээхэн ач холбогдолтой. Энэхүү өдөрлөгт  Монгол Улсын Хөдөлмөрийн яамны харьяа агентлагуудаас гадна хувийн хэвшлийн байгууллагууд оролцож байгаа. Энд сул чөлөөтэй 535 ажлын байр зарлагдсан. Тэгэхээр мэргэжлийн боловсролтой, ажил хайж байгаа хүмүүс ажил олгогчидтой уулзаад хөдөлмөрийн зах зээлд гарч ажиллах боломж нээлттэй” гэв. Мөн тэрбээр 35-аас дээш насны иргэдийг ажилтай болгоход цогц арга хэмжээ авах шаардлагатай. Учир нь энэ насны хүмүүс ихэвчлэн мэргэжилгүй эсвэл мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй хүмүүс байдаг. 

    Тиймээс салбар яамнаас мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулан өргөн хүрээтэй явуулж байгаа. Мөн мэргэжилтэй болохыг хүссэн 35-аас дээш насныхан Хөдөлмөрийн яамны харьяа МСҮТ-д нас харгалзахгүйгээр суралцах боломжтой. МСҮТ-үүд нь Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй 192 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Тус төвийн төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байртай болж чаддаг. Ажилгүй иргэд мэргэжлийнхээ дагуу ажил хайгаад байх шаардлагагүй. Дэлхийн бусад улс орны чиг хандлага мэргэжлийн баримжаагаа өөрчлөх, шинэ мэргэжилтэй болоход чиглэж байна. 

    Манай улсад энэ боломж, бололцоо  бүрэн байгаа хэмээн онцолсон. Өдөрлөгийн үеэр АСЕМ-ийн дээд хэмжээний уул­зал­тад зориулан “Хөгж­лийн бэрхшээлтэй иргэ­дийн хөдөлмөр эрхлэлтийг дэм­жих хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хам­рагд­сан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бэлэг дурсгалын зүйлс, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдсэн. Мөн сул чөлөөтэй ажлын байрны захиалгын дагуу ажил хайгч иргэд, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах үйл ажиллагаа явууллаа. Түүнчлэн томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд ажилгүй иргэд, ажил хайгч иргэдтэй ярилцлага хийх, ажлын байранд бүртгэх, ажилгүй хүмүүс, их дээд сургууль, МСҮТ төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгсөн.  

    “Ажилтай орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөр нь хөдөлмөр эрхэлтийг дэмжих, ажлын байр бий болгох бодлогыг зөвхөн хөдөлмөрийн салбарын эрхлэх асуудлын хүрээгээр хязгаарлалгүй, салбар дундын зохицуулалттайгаар үндэсний болон орон нутгийн төвшинд хэрэгжүүлсэн ихээхэн ач холбогдолтой анхны хөтөлбөр аж. Энэхүү  хөтөлбөрийн хүрээнд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой шинээр ажлын байр бий болгох, хадгалахад чиглэгдсэн бүтээн байгуулалтын олон ажлыг хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2013-2014 онд уул уурхай, эрдэс баялгийн  чиглэлээр томоохон 42 үйлдвэр ашиглалтад орсноор тус салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн тоо 2015 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1155 болсон байна. Энэ нь 2012 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 67.1 хувиар нэмэгдэн улмаар орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, бүтээн байгуулалтыг дагаж суурьшсан иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ мэтчилэн олон ажил хийгдсэн байна. Өдөрлөгийн үеэр салбар яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

С.Чойноров: АСЕМ-ийн зочдод худалдах гар урлалын бүтээгдэхүүнийг шалгаруулна


/Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн дарга/

-Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорил­гоор “Хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдийн хөдөлмөр эрхлэл­тийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Өнөөдөр уг хөтөл­бө­рөөс санхүүгийн дэмжлэг  ав­сан иргэд өөрсдийн хийсэн бэ­лэг дурс­га­лын зүйлс, ба­раа бүтээг­дэ­хүү­нээрээ үзэс­гэлэн гар­гаж байна. Бид энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээг­дэ­хүү­нээс шалгаруулж, АСЕМ-ийн зочдын байрласан байр, зочид буудлуудад худалдана. 

Ц.Эрдэнэбаатар: Хувийн хэвшилд 60 мянган ажлын байр нэмэгдсэн

/Монголын ажил олгогчдын нэгдсэн холбооны дэд захирал/

-Монгол Улсын Засгийн газраас “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хувийн хэвшлийн байгууллагыг дэмжих, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах юм. Хэдийгээр улс орон эдийн засгийн хямралтай байгаа боловч хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшилд шинээр 60 мянган ажлын байр бий болсон. цаашид одоо байгаа 60 мянган ажлын байрыг тогтвортой авч үлдэх, хорогдуулахгүй байх бодлогыг авч ажиллавал илүү үр дүнтэй байх болно. 

    Мөн энэ хөтөлбөртэй холбоотойгоор үндэсний зөвлөлөөс таван дэд хөтөлбөр баталсан. Тухайлбал, хувиараа бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих, малчдад санхүүгийн дэмжлэг олгох, их дээд сургуулийн төгсөгчдөд ажлын байр олгох зэрэг тусгай зорилго бүхий хөтөлбөрүүд бий. Эдгээр хөтөлбөрүүд цаашид тогтвортой хэрэгжвэл хувийн хэвшлүүд шинэ ажлын байртай болох боломж бүрдэж байна. Шинэ ажилд ороход ажил олгогчдоос тавьдаг шаардлага өндөр байна гэсэн гомдол хүмүүсээс ирдэг. Ажил хайгчдаас ирэх гомдлыг хуулийн хүрээнд шийдэхийг эрмэлзэж байгаа. Жишээлбэл, хувь хүний ур чадварыг мэдэхийн тулд туршилтын хугацаагаар ажиллуулдаг. Энэ хугацааг багасгах зэрэг олон арга хэмжээг авч ажиллаж байна. 

Т.Энхмөрөн:1000 ажлын байранд залуусыг бүртгэж байна

/МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн байнгын ажлын мэргэжилтэн/

-Манай байгууллагад бүртгэлтэй нийт 20 мянган оюутан байдаг. Цагийн ажилд бүртгэлтэй цагийн ажлын дэвтэртэй 1800 гаруй оюутан бий. Байнгын болон цагийн ажилд өдөрт 30-40 хүн, заримдаа 50-60 хүн ирж бүртгүүлдэг. Одоогийн байдлаар манай байгууллагад бүртгэлтэй 1000 ажлын байр байна. Өнөөдрийн хөдөлмөрийн яармагийн хүрээнд 1000 ажлын байранд залуучуудыг бүртгэлээ. Ажил олгогч байгууллагуудын зүгээс ажлын туршлагатай гэдэг шаардлага тавьдаг. Тиймээс бид тухайн байгууллагын шаардлагын дагуу оюутнуудыг ажилд зуучилдаг. Мөн бид оюутан залууст туслах, тэднийг дэмжихийн тулд олон сургалт явуулдаг. Жишээлбэл, долоо хоног бүрийн пүрэв гарагт “Part time” сургалтыг явуулдаг. Байнын ажил хайгчдад зориулж “Open mind” сургалтыг зохион байгуулдаг. Уг сургалт нь байнгын ажил хайгчдад хэрхэн ажлын байртай болох, цаашид хэрхэн амжилттай ажиллах талаар заадаг.