Монгол залуусыг Японд дадлагажуулах боломжийг бүрдүүллээ
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ- ын дарга З.Энхболдын багт ажиллаж байгаа юм.
Тэрээр өмнө нь тус улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хөтөч байх өндөр мэргэжилтэй, ур чадвартай ажилтнуудыг хамтран бэлтгэх тал дээр Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитай тодорхой яриа хэлцлийг өрнүүлсэн билээ. Тэрхүү яриа хэлэлцээ бодит ажил болж монгол залуусыг Японд мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах боломжийг бүрдүүлсэн Засгийн газар хоорондын Санамж бичгийг өнөөдөр албан ёсоор байгууллаа. Токио хотноо байгуулсан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Японулсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозаки нар гарын үсэг зурсан юм.
Э н э ү е э р Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Энэ нь манай хоёр орны Засгийн газар хоорондын анхны Санамж бичиг гэдгээрээ онцлогтой. Ингэснээр монгол залуус олноороо Япон улсад өндөр технологи эзэмшиж, япон соёл, ноу-хауг суралцах боломж бүрдэж байгаа юм. Манай яамны хувьд Японд мэргэжил дээшлүүлж, дадлагажих хүсэлтэй залуусыг эхний ээлжинд хэл сургалтад хамруулж, сургалтыг өөрийн харьяа мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага дээрээ явуулахаар бэлтгэл ажлыг хэдийнээ эхлүүлж байгаа.
Тиймээс зохих журмын дагуу бүртгүүлж, хэлний мэдлэг эзэмшсэн залуусыг Япон улсад дадлагажигчаар илгээх ажил нэн даруй эхлэх боломжтой. Дадлагажигч ажилчдыг бид ихэвчлэн бүтээн байгуулалт, үйлдвэр, дэд бүтэц эрүүл мэндийн салбарт ажиллуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.