УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийв
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Япон Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.
Тэрээр өнөөдөр /2016.06.02/ Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки УИХ-ын даргыг Япон Улсад тавтай зочлохыг хүслээ. Мөн АЕПТ-9 уулзалт амжилттай болсон баяр хүргэе. Олон орны парламентын төлөөлөгчид оролцсон уулзалтуудын тоо нэмэгдсэнээр дэлхийн парламентууд хамтран ажиллах боломж, цар хүрээ улам өргөжин тэлж буй юм. Таны энэ удаагийн айлчлалаар хоёр орны парламентын харилцаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.
Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр энэ зургадугаар сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд хэлэлцээр хийж буй анхны улс болж буйд баяртай байна. Энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр орны эдийн засгийн өргөн хүрээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Сүүлийн жилүүдэд манай хоёр олон салбарт найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн энэ жил Монгол Улсад болох АСЕМ-ийн уулзалтын цуврал уулзалтуудын эхнийх нь АЕПТ-9 уулзалт байсан. Монгол, Японы харилцаанд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж ирсэн.
Хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Японы харилцаанд итгэлцэл бэхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаа. Цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаа. Энэ жил Монгол Улсын сонгуулийн жил юм. Сонгуулийн дараа шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүнийг ирэх оны эхээр Японд айлчлуулж, дараагийн шатны Дунд хугацааны хөтөлбөрийг байгуулах хүсэлтэй байгаа. Уг хөтөлбөрт Японтой дунд хугацаанд хамтран хэрэгжүүлэх төслүүд, нэн ялангуяа төмөр зам, нүүрс-химийн аж үйлдвэр, аж үйлдвэрийн кластер байгуулах зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг зөвлөлдөж, тусгах талаар ажиллах хүсэлтэй байна гэлээ.
Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Япон Улсад манай улсын олон тооны дадлагажигч ажилтнууд өндөр технологийг суралцан мэргэшиж, эх орондоо ирээд Япон Улсын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, экспортлох зэргээр харилцан ашигтай, хамтран ажиллах боломж бүрдэх урсгалыг нээж байгаа гэв.
Мөн тэд уулзалтын үеэр улс төр, эдийн засаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай хийсэн уулзалтад, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.