Ж.Батсуурь: Үр дагавар нь адил учраас Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар болсон
2012.04.18

Ж.Батсуурь: Үр дагавар нь адил учраас Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар болсон

Орон нутгийн сонгуулийн хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн Ажлын хэсэг өнөөдөр хуралдсан. Ямар нэгэн зөвшилцөлд хүрэв үү?

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх нь зайлшгүй юм. Хоёр сонгуулийг тусдаа, цуг алинаар нь ч хийсэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүйгээр болохгүй. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би орсон. Хоёр, гурван долоо хоног хүлээсэн ч Ардчилсан намын гишүүд хуралдаандаа оролцохгүй байна. Өнөөдөр ч гэсэн тэд ирсэнгүй. Цаг хугацааны хувьд хүлээх боломжгүй болж байна. Тиймээс бид олонхи байсан учраас Байнгын хороогоор хэлэлцүүлэх асуудал, саналын зөрүүтэй томьёоллуудаараа санал хураагаад явж байна. Хаана юу болж байгаа нь сонин биш. Түүнд УИХ байр сууриа илэрхийлэх ёстой бол тэгж л таарна. Гэхдээ бид ажлаа хиймээр байна. Хууль тогтоох засаглалтай орны хувьд засаглалын хямралыг зориудаар бий болгож, эсвэл үүнийг нь далимдуулан өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх гэж зүтгэх нь зохисгүй. Ялангуяа өөрсдийнх нь саналд нийцээгүй л бол хуулийн гаргалгааг хийхгүй, ийм зарчимгүй байж болохгүй. Эсвэл үйл ажиллагааг зогсоодог, бусад асуудалд оролцохгүй гэж дайрч давшлах нь буруу.

-Өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн Цэцээс Сонгуулийн тухай хуулийн гулсах заалтад гаргасандүгнэлтийгхэлэлцлээ. Цэцийн дүгнэлтэд Ардчилсан нам нэлээн шүүмжлэлтэй хандаж байсан. Мөн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг Ардын нам олонхиороо шийдвэл түүнээс гарах хариуцлагыг хүлээгээрэй гэсэн. Таны хувьд энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ удаагийн парламент бүрэлдсэн цагаасаа эхлээд л ирэх сонгуулийн зохион байгуулалтын талаар ярьсан. Сонгууль бүрийн дараа ямар нэгэн будилаан гарсан гэдэг шүүмжлэлийг араасаа дагуулдаг. Гэхдээ булхайг хэн хийсэн, түүнийг нь батлаад хариуцлага хүлээлгэсэн зүйл мөн л алга. Харин хүн бүр л бие биенээ гүтгэж байгаа. Үүний үр дүн нь 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг болж хүний амь эрсэдсэн. Ийм нөхцөлд сонгуулийн хуулиа шинэчилж, процессоо өөрчлөх шаардлага гарсан. Энэ цаг үеэс эхлээд ирэх сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт хийе гэдэг үүднээс хуулиа өөрчлөхөөр ярьж ярьж, цаг хугацааны эрхээр одоо байгаа хуулийг оны өмнө баталсан биз дээ. Харин баталсан хуулийн холбогдох заалтаар Үндсэн хуулийн цэцэд гомдол иржээ. Цэц дунд суудлынхаа хуралдаанаар хэлэлцээд Үндсэн хууль зөрчжээ гэдэг дүгнэлт гаргасан. Мэдээж УИХ хууль зөрчсөн шийдвэр гаргаад байхыг бодохгүй, шийдвэрээ хамгаалахыг бодож байгаа байх. Түүнийхээ дагуу л байр сууриа илэрхийлээд явж байна. Болдог зүйл процессоороо болоод л өнгөрнө. Манай намын бүлэг ярилцаад үр дагавар нь адилхан бол цаг хугацаа алдаад юу хийх вэ гэдэг үүднээс Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар болсон. Цэц журмынхаа дагуу гаргасан шийдвэрийг хүлээж авах, авахгүй гэдгээр дараагийн асуудлын хариуцлагыг хүлээнэ гэж юу байх вэ. Бүхий л асуудалд улс төрийн байр сууринаас хандахаар ард түмний эрх ашиг хохирч дууслаа гэдгийг хэлмээр байна.

-Харин таны хувийн байр суурь ямар байгаа вэ?

-Миний хувьд гулсах заалт Үндсэн хуультай нэг их холбоотой биш гэж бодож байна. Хэрвээ Үндсэн хуультай зөрчилдөж байна гэвэл намын нэрээр санал авах нь орох болов уу гэж бодож байлаа. Гэхдээ би хуульч хүн биш учраас дүгнэлт хэлээд байх нь зохимжгүй.

-Тэгэхээр Ардын нам Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар тохирсон гэж ойлгож болох уу?

-Хүлээж авах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаад Ардын намын бүлэг болон Ерөнхий сайдад хандан мэдэгдэл хүргүүлсэн. Мөн ойрын өдрүүдэд болж буй улс төрийн үйл явцын дуулианд Орон нутгийн сонгуулийн хууль дарагдаж байна гэсэн л дээ.

-Ардчилсан намын бүлэг, гишүүд юу гэж үзэж байгаа нь тэдний л эрх. Би өмнөөс нь тайлбарлах албагүй. Гэхдээ нэг асуудлыг өөр зүйл рүү хандуулах гэж төрийн тэргүүн байсан хүнийг барих жүжиг тоглож, шөнөжин хөөцөлдөж байна гэж үзэж байгаа бол эмгэнэлтэй л сонсогдож байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.