Су.Батболд: Намууд пропорциональ тогтолцоог дэмжиж байгаа
УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг МАХН, АН, ИЗН-ын төлөөллийг оролцуулан байгуулжээ. Парламентад суудал аваагүй намуудын саналыг ч бас авч байгаа аж. Ажлын хэсгийнхэн саналаа боловсруулж, ирэх оны эхээр УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй юм байна. Энэ сэдвээр Ажлын хэсгийн гишүүн Су.Батболдтой ярилцлаа.
-Томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь үр дүн багатай байлаа. Тэгэхээр про¬порциональ системийг сонгох нь зөв гарц болж харагдав уу. УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад жил ч болоогүй байгаа шүү дээ?
-Хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулдаг жишиг тогтоод байна. Ингэснээр хуультай танилцах боломж сонгогчдод олгохгүй байгаа гэдэгтэй санал нийлнэ. Сонгууль будлиантай болохоор л хуульдаа буруугаа тохдог явдал улс төрийн намууд, нэр дэвшигчдэд бий болчихлоо. Хуулиас шалтгаалдаг юм байдаг л байх. Гол нь хуулиа яаж мөрдөж, хэрэгжүүлж байна вэ гэд¬гээс л бүх зүйл шалтгаалж байгаа юм шүү дээ. Нам, нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн хуулийг нэг мөр ойлгоод, хэрэгжүүлж чадвал тийм ч муу хууль бас биш. Ардчилсан сонгууль явуулж ирсэн алдаа, онооноос сургамж аваад хуулийг өөрчилж, сайжруулж болно. Парламентын засаглалаа төгөлдөржүүлэхийн тулд сайжруулсан өөрчлөлт ч хийх хэрэгтэй.
Хуулийн төсөлд саналаа өгөхийг Ажлын хэсэг улс төрийн бүх намаас хүссэн. Ирж байгаа саналаас нь үзвэл хувь тэнцүүлсэн буюу пропорциональ системийг дэмжсэн хандлагатай байгаа.
-Тогтолцоог өөрчилнө гэсэн байр суурьт намууд санал нэгдэж байгаа гэж ойлгож болох нь ээ.
-Мажоритар системээр бид сонгууль явуулж ирсэн. Хэтэрхий жижиг тойрогт хувааснаар сонгогчдод нөлөөлөх нөлөөлөл буюу санал худалдаж авах бололцоотой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Жижиг тойргоос сонгогдсон гишүүд улс орны нэгдсэн бодлого гэхээсээ илүү хэдэн сумын эрх ашиг ярьдаг. Парламентын гишүүн нь цөөн сонгогчдоос хамааралтай байсан учраас нэг мандат, нэг тойргийн тогтолцоог халж, томсгосон тойргийн системд шилжсэн. Өмнөх алдааг багасгасан ч энэ нь сайн хэлбэр биш гэдэг нь УИХ-ын 2008 оны сонгуулиар харагдлаа. Сонгогчдод нөлөөлөх байдал буурсан ч арилаагүй байна. Нэр дэвшигчдэд хүндрэлтэй байсан. Том тойрогт богино хугацаанд сурталчилгаа хийх боломж бага, нэр дэвшигчээс асар их хөрөнгө, мөнгө шаарддаг учраас дутагдал бүрэн арилаагүй гэж үзсэн. Одоогийн тогтолцоог өөрчлөхийг улс төрийн намууд ч шаардсаар байгаа.
-Парламентын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоогоор явуулахыг МАХН-ын дарга С.Баяр дэмждэг. Түүний дэвшүүлсэн таван төгөлдөршлийн нэг зорилт нь энэ шүү дээ?
-Сонгуулийн төгөлдөршил бий болгохын тулд пропорциональ системийг сонгох нь өнөөгийн тулгамдсан зорилт болж байна. Ингэснээр нийгмээ талцсан, улстөржсөн байдлаас гаргах боломжтой гэдгээ намын дарга мэдэгдсэн. АН-ынхан ч хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох байр суурьтай байна гэж ойлгосон. Бусад намууд ч энэ чиглэлийг дэмжих хандлагатай байгаа юм билээ.
-Жил хүрэхгүйн өмнөхөн томсгосон мажоритар хувилбарыг сонгосон. Олон улсад энэ нь хэр түгээмэл тогтолцоо юм бол?
-Харьцангуй цөөхөн оронд хэрэглэдэг, оновчтой биш систем хэмээн судлаачид үздэг. Пропорциональ тогтолцоог олон оронд хэрэглэдэг. Гэхдээ дотроо олон янз.
Сонгогчид намын төлөө санал өгөөд авсан хувиараа нам нь хүмүүсээ парламентад суулгадаг нь хамгийн энгийн жишээ юм билээ. Мөн намын нэрийн ард парламентад суулгах гишүүдийнх нь нэр хамт байдаг. Тэр нэртэй танилцаад аль намд санал өгөхөө сонгогч шийддэг тогтолцоо бас байна. Намыг “дугуйлахаас” гадна санал болгосон нэрсээс тодорхой тооны хүний нэрийг “дугуйлдаг” хэлбэр ч бий. Ярилцаж байгаад дутагдал багатай хувилбаруудаас аль нэгийг нь сонгоно.
-Парламентын сонгуулийн хуульд оруулах тогтолцооны өөрчлөлт Орон нутгийн сонгуулийн хуульд тусгалаа олох боломж байгаа юу?
-Пропорциональ системийг Орон нутгийн сонгуулийн хуульд тусгах асуудал маргаантай байгаа. Орон нутагт нам сонгох уу, иргэдийн төлөөллийн байгууллагаа сонгох уу, УИХ-ын сонгуультай хамтатгах эсэх зэргийг нэг мөр болгох хэрэгтэй. Орон нутагт хэтэрхий их улстөржсөнөөс болж маргаантай асуудал үүсдэг. Уг нь бол тэнд төлөөллийн байгууллагаа сонгох учиртай юм.
Би хувийн бодлоо хэлье. Орон нутгийн сонгуулийг заавал нэг өдөр орон даяар явуулах шаардлагагүй байх. Аймаг бүр өөр өдөр хийж болно. Тухайлбал, газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт намрын ургацаа хураадаг их ажлын үеэр орон нутгийн сонгууль явуулах шаардлага байна уу. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуулийг дөрвөн жилд явуулна гэдгийг нь хуульчлаад өгчихвөл болно. Хэзээ явуулахаа ИТХ нь зарлаг. Түүнээс бус УИХ-ын сонгуультай хамтад нь хийнэ гэвэл асар их зардал гарахаас гадна парламентын улстөржсөн сонгуультай хамт явуулах нь учир дутагдалтай, нутгийн өөрөө удирдах ёс алдагдахад сөрөг нөлөөтэй байж мэднэ.
-Орон нутгийн сонгуулийн шинэ хууль гаргаад, түүгээр нь Нийслэлийн зарим дүүрэгт дахин сонгууль явуулах ёстой гэсэн байр суурьтай гишүүд байгаа. Тийм боломж бага харагддаг?
-Шинэ хууль гаргаад, шууд мөрдөнө гэвэл боломжгүй. Сонгогчид хуультай танилцаж амжихгүй. Иргэд хуулиа мэдэж байж саналаа өгөх эрхтэй шүү дээ.
Харин ирц бүрдүүлэхийн тулд урамшуулал, хариуцлагын тогтолцооны тухай ярьж болох байх. Сонгуульд санал өгөх нь иргэний үүрэг. Сонгууль өгсөн хүн төрийн үйлчилгээ үнэгүй авдаг байж болно. Тухайлбал, санал өгсөн өдөр нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх олгож болохыг үгүйсгэхгүй. Хуульд өөрчлөлт оруулахдаа ирцийн хувийг бууруулахад гэмгүй. Сонгогчдын оролцоог хангах нь хамгийн чухал. Сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийг харахад улс төрийн намуудад иргэд итгэх нь багасаж байна.