13 жүдочид “Rio 2016”-г зорьлоо
Зуны 31 дүгээр олимпод оролцох баг тамирчдаа үдэн гаргалаа.
Энэ удаад Монгол улс түүхэндээ байхгүй хамгийн олон буюу есөн төрөлд 42 тамирчнаа илгээж байна. Зуны олимпод оролцох нийт тамирчиддаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар захиас даалгавраа хэлж, амжилт хүслээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд, манай улсын баг тамирчид Бээжин, Лондонгийн олимпод үзүүлсэн амжилтаа ахиулж эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулна гэдэгт итгэл дүүрэн байна.
“РИО-2016” олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаа маань намирч, Монгол Төрийн дуулал дахин дахин эгшиглэхийн билэгтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.
“Жүдогийн эрэгтэй долоо, эмэгтэй зургаа нийт 13 тамирчин оролцоно. Бүгдээрээ л амжилт гаргаасай гэж хүсч байна” гэж Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга хэллээ.