АНУ-ын Элчин сайд Женифер Зимдалтай БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалт хийлээ
Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд БОАЖ-ын сайдаар дахин томилогдсонд Д.Оюунхоролд баяр хүргэв. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Элчин сайд Женифер Зимдалд талархал илэрхийлж, АНУ-ын Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтыг бүхэлд нь усны салбарт чиглүүлэх шийдвэр гаргасанд баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэр тусмаа Улаанбаатар хотын хүн амын талаас илүү нь амьдардаг гэр хорооллын усан хангамж, хөрсний бохирхдлоос үүдсэн гүний усны бохирдлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэхэд уг хөрөнгө оруулалт чухал гэдгийг онцоллоо. Мөн усыг дахин ашиглах саарал усны технологийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлагатай гэв.
Харин Элчин сайд Женифер Зимдал энэ долоо хоногт Монгол Улсад айлчлах АНУ-ын Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдээ тохирно гэв. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын тунхаглалыг хэрэгжүүлэх чиглэлээр болон тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний паркуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид хэрхэн ажиллах Монгол Улсын Засгийн газар, БОАЖ-ын сайдын байр суурийг сонирхлоо.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрт нэгдэн орохоор ажиллаж байгаа гэв. Мөн хүлэмжийн хийг бууруулснаар кредит тооцож, урамшуулал авдаг механизмыг улс орондоо хэрэгжүүлэхэд онцгой анхаарна гэдгээ хэллээ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх, аялагчдыг ая тухтай аялж, амрах орчин бүрдүүлэх чиглэлээр өмнө сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа сайд Д.Оюунхорол хэллээ. 2015 онд салбарын сайдаар ажиллаж байхдаа Аглаг бүтээлийн хийд рүү зам тавьж, эко 00-ын асуудлыг шийдсэн нь чухал үр дүнтэй ажил болсныг тэмдэглэлээ.
Монголын тусгай хамгаалалттай газар нутгуудтай эгч, дүүсийн харилцаа, хамтын ажиллагаа тогтоох ажлыг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа БОАЖ-ын сайд уламжилж, эхний ээлжинд Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар нутгийг АНУ-ын нэг үндэсний парктай хамтын ажиллагаатай болгох хүсэлтээ уламжиллаа. Их Нарт, Хөвсгөл, Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газрууд АНУ-ын үндэсний паркуудтай хамтран ажиллаж, байгаль хамгаалал, менежмэнтийн асуудалд бодитой үр дүнд хүрснийг сайд онцлон дурдлаа.
Элчин сайд Женифер Зимдал БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тавьсан асуудлуудыг судалж, бодитой үр дүнд хүргэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.