О.Баасанхүү: Монголын улс төрд хоёр дахь, цаашлаад нэг дэх хүчин болох алтан боломж МАХН-д бий
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Улсын төсөв, эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор МАН, АН ын хооронд хууль зөрчсөн, зөрчөөгүй гэх маргаан өрнөж байна. Дунд нь суугаад харж байгаа МАХН-ын цорын ганц төлөөлөл, дээр нь хуульч гишүүний хувьд таны байр суурийг сонирхоё?
-Сүүлийн 25 жил төсөв баталж ирсэн арга барилаа бид зайлшгүй өөрчлөх ёстой.
Төсвийг оруулж ирдэг процессыг харвал өмнө хийсэн ажлуудын гүйцэтгэл ямар хувьтай байгаа нь хамаагүй дуусаагүй гээд дараа жил нь нэмэлт төсөв авдаг.
Жишээ нь, гурван тэрбумыг 23 тэрбум гэх мэтээр батлуулж багадаа л арван хувийн цавчаа хийдэг гэх яриа байдгийг хууль хяналтынхан шалгадаггүй.
Ийм байдлууд эцэст нь төсвийн хямралд оруулж байна. Хоёр намын мэдэгдэл дээр миний байр суурь тодорхой.
“МАН-ын байр сууриас болоод эдийн засгийн цунами боллоо” гэж АН мэдэгдсэн. “АН-ын бодлогоос болж эдийн засаг жинхэнэ цунамид орчихсон” гэж Ардын нам мэдээлсэн.
Үүнээс юу гэж дүгнэх вэ гэвэл ямар ч байсан асуудал байж. Харин хэнээс нь болж вэ. Үүнийг хөндлөнгийн аудит шалгах ёстой.
Магадгүй буруутай үйлдэл илэрвэл аль аль нь эрүүгийн хариуцлага хүлээх байх. Наад зах нь бодит мэдээллийг тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хангаж өгөөгүй гэдэгт асуудал үүснэ.
Ер нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар ид шидийн юм шиг байсан. Эдийн засаг хямарлаа, мөнгөө хэмнээрэй, төсвөө гамнаарай гэчихээд араас нь хөнгөлөлт, тэтгэлэг, хамгийн сүүлд бондын мөнгийг ойлгомжгүй зүйлд оруулсан.
1072 хувьцаан дээр ч бас асуудал үүссэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ямар мөнгөөр авсан нь ойлгомжгүй.
Үүнд аудитын дүгнэлт гарсны дараа байр сууриа илэрхийлэх нь зохимжтой гэж үзэж байна.
-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль нэг мөр шийдэгдэхгүй юм. Нэг нам гарч ирээд хуулийг улстөржүүлж өөртөө ашигтайгаар хэрэглэдэг үзэгдэл байх шиг?
-Үнэндээ АН хууль зүйн салбарт шинэчлэл хийе гэж дуугарсан нь, эхлүүлсэн нь зөв.
Гэхдээ “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр хэтэрхий яарсан. Долоон хүн л энэ хуулийг баталсан шүү дээ. Баталчихсан учраас механикаар зогсоож болохгүй.
Яах ёстой вэ гэвэл Хууль зүйн яам Засгийн газраар оруулж дахин ажлын хэсэг гаргаад есдүгээр сарын 1-нээс өмнө гол хуулиудыг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөд, хэрэгжиж болохооргүй дахин харахаар зүйлүүдээ түр түдгэлзүүлээд хуучин хуулийн заалтаараа явах ёстой байсан.
Гэтэл Анхдугаар чуулган тарчихсан. Ээлжит бус чуулган хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.
-Олон нийтийн зүгээс Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгасан нь МАХН-ын даргад зориуллаа гэж хардаж байна?
-Хууль бүх нийтэд тэгш үйлчлэх ёстой. Улс төрийн өнцгөөр харж байгаа ч гэсэн одоо хоригдож байгаа энэ хуулиар найм, есдүгээр сард шоронгоос гарна гэж байсан хүмүүсийн хувьд бухимдаж байгаа.
Саяхан би хорих байгууллагын зарим албан тушаалтантай уулзаж, ярилцахад хоригдлын сэтгэл зүй эрс өөрчлөгдсөн байна.
Есөн сард гарна гээд хүмүүс алдаа дутагдалгүй байя гэж бодож байсан бол одоо сэтгэл зүй нь өөрчлөгдөж байна гэсэн.
Энэ хуулиар тоглож болохгүй гэдгийг хэлж байгаа хэрэг.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших гэхээр нь ялтай байх хугацаа нь дуусаагүй гээд дэвшүүлдэггүй. Аль ч нам нь гарч ирсэн АТГ тайван байлгахгүй юм. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хуульч хүний хувьд би тухайн хавтаст хэрэгт юу авагдаж, шалгагдаад явж байгааг мэдэхгүй.
Улс төрийн хүрээнд харахад улс төрийн санаа, зорилготой байна. Энэ хүн өнөөдөр улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь зарим хүний, одоогийн эрх барьж байгаа тодорхой хүмүүсийн эрх ашигт сөргөөр нөлөөлөөд байна.
Улс төрийн идэвхтэй биш шууд утгаараа улс төрийн тэтгэвэртээ гарчих юм бол хэн ч оролдохгүй гэсэн байдлаар зарим нөлөө бүхий албан тушаалтан, улстөрчдийн зүгээс ярьж байгааг би сонссон.
Гэхдээ өнөөдөр ямар ч тохиолдолд бүх хүнд хууль тэгш үйлчлэх ёстой. Саяхан намын байран дээр болсон үйл явдлыг хараад дараа нь өмгөөлөгч рүү нь ярьсан.
Өмгөөлөгч гомдол гаргасан байна лээ. Буруу ойлголт өгөөд намайг явуулсан юм байна гэсэн.
Ямар буруу ойлголт гарсан бэ гэвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40.1.5 гэсэн хуулийн заалт бий.
Энэ заалтад ижил сонирхол бүхий өөрөөр хэлбэл хам хэрэг бүхий хүмүүсийн нэг нь өмгөөлөгч авсан бол нөгөө хүнд нь өмгөөлөгч томилно гэдэг заасан.
Үүгээр томилсон гэж хэлээд өмгөөлөгч явуулж. Ийм бол үйлчлүүлэгч болох гэж байгаа хүнд урьдчилан мэдэгдэх ёстой байдаг.
Мэдэгдчихсэн гэж бодоод өмгөөлөгч очтол нөгөө хүн нь мэдээгүй байсан. Энэ жижигхэн орон зай дээр АТГ бушуухан яллагдагчаар татах тогтоолоо сонсгосон, барьсан гэх үйлдэл хийсэн байна лээ.
-Манайх шиг Төрийн тэргүүн байсан хүн рүүгээ өс хонзонгийн юм уу, ямар нэг сэдлээр байнга дайрч давшилж, олон улсад нэр нүүрээ барж байгаа улс орон байдаг уу?
-Ер нь бол Солонгос, Монгол хоёр л Төрийн тэргүүн байсан хүн рүүгээ дайрч давшилдаг жишиг байдаг юм байна лээ.
Солонгосууд олонх тохиолдолд амиа хорлоод хорвоогоос буцдаг. Яг нарийндаа бол Солонгос улс АНУ-ын нөлөөнд байдаг болоод ч тэр юм уу ийм сонин жишигтэй.
Ихэнх оронд шалгаад, гэрийн хорионд оруулдаг болохоос улаан цайм мууг нь үзэх гэж улайрч явдаггүй.
Монгол Улсын түүхэнд МАХН хоёр Төрийн тэргүүнийг эгнээсээ төрүүлсэн. Улсынхаа түүхэнд 25 жилийн хугацаанд дөрөв дэх Ерөнхийлөгч дээрээ л явж байна шүү дээ, манай улс. Н.Энхбаяр бол Төв халхаас гарсан ганц Ерөнхийлөгч.
Тэр утгаасаа бодвол өнөөдөр мууг нь үзэж, аргыг нь бараад явах хэрэггүй байгаа юм. Эрүүл мэндийн байдал нь ч хүнд байна. Улс төр, хүний эрүүл мэнд хоёр тусдаа зүйл шүү дээ.
-Намын байраа залилангаар авсан гэж Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ хоёр компанийн хооронд болсон. МАХН түрээслэдэг гэсэн. Асуудал яагаад шийдэгддэггүй вэ?
-Шударгаар хэлэхэд, залилан гэдэг бусдын эд хөрөнгийг завшиж, хувьдаа ашиглан алга болгох.
Гэтэл байшин нь байж л байна. Тэгэхээр энд завшсан, залилсан юм байхгүй. Хүсвэл шүүхдээд авч болно шүү дээ. Хуулийн хоёр этгээд хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Иргэдийн хооронд гэрээний талаар зөндөө л маргаан байдаг. Зарсан этгээд нь Мечикарев гэж АНУ-ын иргэн юм шиг байна лээ.
Тэр нөхөр монгол хэл, соёл, хууль эрх зүйн орчныг мэдэхгүйдээ далимдуулж байгаа юм уу, хийсэн гэрээ, зарсан эд хөрөнгө нь байж байхад одоо болих хэрэгтэй шүү дээ.
Иргэний маргааныг заавал Эрүүгийн хэргээр шийдэх гээд байгааг нь ойлгохгүй байна. Хамгийн гол нь залилан гэдэг үгийг хэн ч зөвшөөрөхгүй.
-Ялтай байх хугацаа гэж байнга яригддаг. Өршөөлийн хуулиар тэр нь алга болсон гэж хуульчид хэлдэг ч байгаад байх юм?
-Ялтай байх хугацаа гэдэг субъектив ойлголт. Өөрөөр хэлбэл, коммунизмын үед хүн архи уувал олон нийтийн өмнө жигшээж байгаа гэдэг утгаар самбар дээр тавьдаг байсан.
Санамсаргүй алдаа гаргахад нь нийтээрээ буруутгадаг байсан. Түүн шиг ялтай гэдэг нь ял биш. Тухайн хүн өмнө нь ял авч байсан гэсэн дүгнэлт л юм.
Гэхдээ тэрийг Өршөөлийн хуулиар байхгүй болгочихсон шүү дээ. Энэ тухай би зөндөө ярьсандаа хэвлэлээр.
Эцсийн эцэст одоо боль гэж хэлмээр байна. Улс төрийн асуудлаа хаа хаанаа болих хэрэгтэй.
МАХН ч гэсэн цоо шинэ өөрчлөлт хийж, өөр арга барилаар явах хэрэгтэй.
Би хувь хүнийхээ хувьд ч, өмгөөлөгч нь байсны хувьд ч Н.Энхбаяр даргыг муу яваасай гэж хүсдэггүй.
МАХН цаашдаа өөрчлөлт хийж, олон нийтийн байгууллага болох хэрэгтэй. Тэгж байж бид даргыгаа өмөөрч, хамгаалж бүрэн чадна.
-Ямар өөрчлөлт хийх ёстой гэж?
-Намын удирдлагууд солигдох ёстой. Энэ сонгуулиар алдаа гаргасан бол Удирдах зөвлөл бүгд огцрох ёстой.
21 аймгаас төлөөлөл оролцуулж Бага чуулган, Их хурлаа хийж бүтцээ тодорхойлох ёстой.
АН шинэчлэл хийж байгаатай адил бид ч бас шинэчлэл хийх ёстой. Нэг аргаар хоёр удаа амжилтанд хүрдэггүй гэж үг байдаг.
Тийм болохоор хэлэлцүүлэг хийж цоо шинээр явж намын дарга, бүрэлдэхүүн солигдох ёстой.
Энд тэндээс орж ирсэн урвагч, дээрэмчин, бүтэлгүй амьтдыг зайлуулах ёстой. Эцэстээ нам шинэчлэгдэж авлигачидтай тэмцэх ёстой. МАХН-д 30 мянган хүн байгаа.
Сая сонгуулиар 100 мянган хүн саналаа өгсөн.
Тэр 100 мянган хүн МАХН-ыг дэмжиж байгаа. Тэр 100 мянган хүнээс удирдлага, бүтэц бүрэлдэхүүнээ томилох ёстой гэж харж байна.
-Өмнөх парламентад танай нам “Шударга ёс” бүлэгтэй байсан. Энэ удаа ганц төлөөлөлтэй болсон. 2016 оны сонгуулийн дүнд та ямар дүгнэлт хийв?
-МАХН сонгуульд алдаатай орсон. Энэ бол 2012 онд сонгуульд орохдоо л хийсэн алдаа.
Анх МҮАН-тай сонгуульд хамтрах хэрэггүй байсан юм. Яагаад гэвэл бид МАН-аас шинэчлэгдэн гарч ирсэн нам болохоос АН-аас хөөгдөж, амбицаараа, албан тушаалаараа бүлэглэж гарсан долдой нартай нэг нам болох ёсгүй байсан.
Тэр үед Н.Энхбаяр дарга шоронд байсан учраас хангалттай мэдээлэл авч чадаагүй, хоёрдугаарт жирийн иргэд МАХН-ыг дэмжсэнээс албан тушаалд очиж үзсэн УИХ-ын гишүүн болж байсан, улс төрийн туршлагатай хүмүүс нь нам руу орж ирж амжаагүй байсан.
Тэр цоорхойг нь ашиглаад МҮАН-ын Ерөнхий сайд байсан, УИХ-ын гишүүн асан нөхдүүд орж ирсэн.
Энэ маш том алдаа. Мөн бүлгээ өгснөөр бүр ч гай болсон.
Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг сайд болгосон нь зөв байсан ч тэдний дагуулж ирсэн хүмүүст намын удирдлагыг өгч болохгүй байсан.
Байгуулчихсан нам дээр гүйж ирсэн болохоос байгуулах гээд хамт зүтгэж явсан хүмүүс биш.
Түүнээс болж намын жирийн гишүүд гомдсон. Тэдний хамаатнууд, найз нөхдийн нэг хэсгийг агентлагийн дарга, намын удирдлагад оруулж болохгүй байсан.
Тэд намаас гардаг хурлыг хийх болгондоо бидний хувийг “алаад” байсан. Бид 23 хувиас 13 хувь болтлоо унасан.
Одоо үүнийгээ сэргээх хэрэгтэй. Үүний тулд шинэ бүтцээр явах хэрэгтэй.
Нийтийн эрх ашиг, хувийн эрх ашиг гэж хоёр зүйл байдаг. Жишээ хэлэхэд, намайг оюутан байхад гадаадад сургуульд сурах гэж байгаа нэг хүүхэд би ийм дүн тавиулмаар байна гээд багш онц тавьсан.
Тэгэхээр нь би “Багшаа таньд хичээл чинь ямар ч үнэ цэнэгүй юм уу. Та тестийн түлхүүрээ бүх хүнд өгөөч” гэхэд “Хувь хүний эрх ашиг, нийтийн эрх ашиг тусдаа зүйл.
Нийтийн эрх ашгийг хохироогоод байвал би энэ дүнг тавихгүй. Энэ хүнд онц дүн тавьснаар нийтийн эрх ашигт тусалж ч магадгүй.
Яагаад гэвэл гадаадад сураад хүрч ирээд нийтийн эрх ашигт нөлөөлнө. Хэрвээ гадаад яваагүй байгаад нийтийн болоод хувийн эрх ашиг хохирвол яах юм бэ” гэж байсан.
Үүн шиг хамгийн сүүлд Английн Ерөнхий сайдын Европын холбооноос гарахдаа хэлсэн үгийг мартаж болохгүй.
Намын эрх ашиг нам дотор байгаа зайлшгүй шаардлагаар манай нам одоогийн байгаагаараа явж болно.
Гэтэл улс орны, олон нийтийн, мянга мянган гишүүдийн итгэлийг олж авъя гэвэл бид дотроосоо шинэчлэгдэх ёстой.
Одоо бол гурав дахь хүчин гэсэн ойлголт байхгүй.
Яагаад гэвэл хоёр дахь хүчин байхгүй болчихсон.
Тэгэхээр хүссэн ч хүсээгүй бид хоёр дахь хүчин цаашлаад нэг дэх хүчин болоод явах алтан боломж бий.
Иймд цоо шинэ өөрчлөлт, шинэчлэлээр явах ёстой. Ингэхийн тулд шинэ удирдлага, баг орж ирэх ёстой. Миний хувьд бэлэн байгаа.
-Танд албан тушаал, эдийн засгийн боломж амласан намууд байгаа гэж сонссон. Шуудхан асуучихад та сонголтоо хийсэн үү?
-Надад сайдын суудал амласан нам бий. Манайд ирвэл санхүүгийн дэмжлэг үзүүлье гэж байгаа нь ч байна.
Миний хувьд 100 мянган хүний итгэл найдварын талд зогсоно. Цаашлаад гурван сая иргэнийхээ талд зогсмоор байна. Тэгэхээр нам маань олон нийтийн итгэл үнэмшлээр бий болъё гэвэл бид олон зүйл дээр хатуу зогсох ётсой.
Бодлогоо ил гаргах ёстой, олон нийтийг дагуулж явах цоо шинэ багийг дагуулж явах ёстой.
Ингэж байж бид иргэдийнхээ итгэлийг авах ёстой. Нөгөө хоёр намаас ялгарах зүйл нь манай намд авлига, албан тушаалд орж бохирдсон хүн цөөн, жирийн иргэд олонтой.
Тийм учраас жирийн иргэд манай нам руу нийлж нэгдэх боломж их байна.
АН-д дахиад жаран суудал өглөө гэхэд ард түмнээ тав хувааж, албан тушаал дээрээ зодолдоод бие биеэ шоронд хийгээд л явна. МАН-ыг хар, 30 томилгоо нь 45 УИХ-ын гишүүний хамаатан байна.
Тэгэхээр 45 нь ч гэсэн хоорондоо хамаатан садан болж таарна.
-Та намын шинэчлэл, болохгүй байгаа зүйлүүдийнх нь талаар өмнө нь хэлж байсан уу?
-Өнөөдрийг хүртэл намын шинэчлэл гэх мэт зүйлийг ярихгүй байсан нь даргыгаа хүнд нөхцөлд байхад илүү дутуу юм яриад яахав гэж бодсоных.
Би өөрөөс хамаарах бүхий л боломжоор энэ хүнийг хэлмэгдүүлэлтэд өртүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа.
Дарга өөрөө санаачлага гаргаад бүтэц, удирдлага, шинэ баг, бүрэлдэхүүнээ гаргах хэрэгтэй. Гүйцэтгэх товчоо бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Бага чуулганы бүрэлдэхүүнийг шинэчлэн гаргаж яаралтай хуралдуулах ёстой, намын бүх удирдлагууд огцрох ёстой.
Тэгж байж бид 2017 онд бэлэн болно. Одоо аравдугаар сарын орон нутгийн сонгуульд бид бэлэн биш байна.Тиймээс, сэтгэлээр, урмаар уналгүй урагшаа хараад явцгаая гэж хэлмээр байна.
Ярилцсан: Б.ЭНХЖИН