Тойргийнхоо цэцэрлэгийн барилгын ажлын явцыг хурдасгахад анхаарна
2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 44 цэцэрлэг, 22 сургууль шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг өнгөрөгч амралтын өдрүүдэд тойргийнхоо зарим хороонд ажиллаж шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажлын явцтай таницаж, сонгогчдынхоо санал хүсэлтийг сонслоо.
УИХ-ын 64 дүгээр тойрог Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороодыг хамардаг бөгөөд гишүүн М.Оюунчимэг 7, 10 дугаар хорооны иргэдтэй уулзахдаа тойрогтоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн хугацаанд ажилласан талаараа мэдээллээ.
Анхдугаар чуулганы хугацаанд гишүүн М.Оюунчимэг Ерөнхий сайдад асуулга тавьсан.
Шинээр ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэг болон тэдгээрийн хүртээмж, сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцас, үдийн цайны чанар, хангалт гээд өргөн хүрээнд тавьсан асуулгын хариуг ирүүлснийг иргэдэд мэдээлсэн.
2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 44 цэцэрлэг ашиглалтад орохоос Улаанбаатарт 21 цэцэрлэг ашиглалтад орох юм. Харин сургууль улсын хэмжээнд 22, нийслэлд 6 ашиглалтад орно гэж асуулгын хариуд дурьдсаныг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэллээ.
Улаанбаатарт ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 21 цэцэрлэгийн нэг нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд ашиглалтад оруулахаар одоо барьж буй цэцэрлэг.
Хорооны иргэдтэй уулзсаны дараа гишүүн М.Оюунчимэг цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч "АТА" трейд компанийн захирлын хамтаар барилгын ажилтай танилцлаа.
Одоо уг барилгад 300 сая төгрөгийн санхүүжилт дутуу байгааг салбарын яамаар шийдүүлж, энэ хичээлийн жилдээ багтаан ашиглалтад оруулахаар холбогдох албаны хүмүүстэй ярилцсан талаараа мэдээлэл өгч, шаардлагатай зардлыг ирэх ээлжит бус чуулганаар төсвийн тодотголд оруулж шийдүүлэхээр ажиллана гэдгээ мөн хэллээ.
Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж буй учир сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг шударгаар явуулж харъяаллын хүүхэд бүрийг орхигдуулахгүй хамруулахыг дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат болон холбогдох албаныханд үүрэг болголоо.
Тойрогтоо ажиллах явцдаа 7 дугаар хороонд тус хорооны иргэн Энхтуяа өөрийн хөрөнгөөр хоёр давхар цэцэрлэг барьж байгаатай мөн танилцсан.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо таван сумын дайтай буюу 14 мянган хүн амтай. Гэвч энэ хороонд цэцэрлэгийн хүртээмж тааруу, дөрвөн настай хүүхэд нэг ч удаа цэцэрлэгт явж байгаагүй тохиолдол бий юм.
Тиймээс хувийн бизнесийн орлогоороо цэцэрлэг барьж байгуулах ажлыг хийж буй иргэн Энхтуяагийн нийгэмдээ хөрөнгө оруулж түүний энэ сайн үйлсийг сайшаагаад, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэнд цэцэрлэг ашиглалтад ороход дэмжлэг үзүүлэх болон ямар хүүхдийг хамруулах талаар судлах үүрэг өглөө.
Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор 60-90 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой юм байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр мөн тойрогтоо ажиллаж, зарим хороодын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.