БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 12 хүүхдэд үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардууллаа
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчидтойгоо анхны уулзалтаа хийлээ.
Уг уулзалтад тус дүүргийн 1-3, 7,21, 27 дугаар хорооны иргэд оролцлоо. Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Ажил амьдралынхаа 25 жилийг холбосон Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшиж, та бүхнийхээ дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдлоо. Надад итгэж дэмжсэн та бүхэндээ чи сэтгэлийн халуун талархал илэрхийлье.
Миний бие салбарынхаа нөхцөл байдалтай танилцаад ажлаа эхэллээ. Өмнө нь ажиллаж байхдаа эхлүүлсэн олон ажлуудаа үргэлжлүүлэн хийнэ.
Шинэ Засгийн газар нийгэм эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай танилцаад ажлаа эхэлж байна.
Бидэнд эдийн засгийг тогтворжуулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, ард иргэдээ ажлын байраар хангаж, орлоготой болгох, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон төслүүдийг хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ байгалиа хамгаалах, байгалийн нөөц хаягдалгүй ашиглах шаардлага тулгарч байна” гэлээ.
Хэдийгээр эдийн засгийн байдал хүнд байгаа ч Засгийн газар ирээдүйгээ өөдрөгөөр харж, хямралаас гарах цогц төлөвлөгөө боловсруулаж байгаагаа энэ үеэр дуулгаж байлаа.
Энэ үеэр сүүлийн үед нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа зарим асуултад иргэд хариулт авсан юм. Энэ хүрээнд хүүхдийн мөнгө болоод ипотекийн зээлийг үргэлжүүлэн олгоно гэдийг иргэд таатай хүлээн авч байв.
Өнөөдөр нэн ялангуяа Улаанбаатар хотын гэр хороолол хөрс, ус, агаарын бохирдол маш том асуудал болоод байгаа. Тиймээс ч орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ сайд дуулгасан.
Түүнчлэн тэрбээр “Бүх асуудлын нэгмөсөн шийдэх шийдвэрлэх эдийн засгийн хөрс суурь, боломж байхгүй байна. Тиймээс бид гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх боловсронгуй болгох асуудлыг гадаадын хандивлагч орон, олон улсын байгууллагуудад тавиад байна.
Энэ хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тэргүүн туршлага, шинэ дэвшилтэт технологийг ашиглахаар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Улаанбаатар хотын гэр хорооллын 8000 гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төслийг хэрэгжүүлэх болно
Энэ ажилд БНХАУ тусламж үзүүлэхээр болоод байна. Түүнчлэн Мянганы сорилтын сан мөн асуудлаа тавьсан. Тиймээс энэ ажлыг зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт ч туршиж, үзэхээр болоод байгаа. Энэ ажлыг хамгийн түрүүнд миний тойргийн 27, 21, 2 гэсэн гурван том хорооноос эхлүүлэх болно.
Эхлээд туршаад үзье.
Үнэхээр гэр хорооллын цэвэрлэх байгууламжийг доторлогоотой боловсон бие засах газартай, гэрэлтүүлэгтэй болгоод энэ ажлыг эхлүүлчихвэл магадгүй орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс илүү ажил болох ч юм бил үү.
Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн асуудлыг шийдээд өгчихвөл гэр хорооллын иргэд эрүүл, сайхан амьдрах нөхцөл боломж бүрдэх байх гэсэн бодлоготойгоор энэ ажлыг эхлүүлэхээр хөөцөлдөж байгаа” гэдгийг дуулгасан юм.
Эмэгтэй гишүүнийхээ хувьд тэрбээр нийгмийн эмзэг асуудалд анхаарлаа хандуулахгүй үлдээсэнгүй. Учир нь хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж, хүүхэд багачууд хичээл сургуульдаа орох гэж байна.
Тиймээс ч Д.Оюунхорол гишүүн иргэдтэй уулзах уулзалтынхаа үеэр сурах хүсэл эрмэлзэлтэй ч сургалтын төлбөр төлөх боломжгүй 12 хүүхдэд “Отгонтэнгэр” их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй сурах эрхийн бичгийг гардууллаа.
Эрхийн бичгийг гардуулах үеэр Д.Оюунхорол гишүүн “Эдийн засгийн хямралаас болж, сурах чин хүсэл эрмэлзэлтэй ч сургалтын төлбөр нь дарамт болоод байгаа.
Тиймээс ч сургуулиасаа чөлөө авч байгаа олон хүүхэд бий. Үүнтэй холбогдуулан миний бие 12 хүүхдэд үнэ төлбөргүй сурах боломжийг олгож байна. Энэ боломжийг ашиглан сайн суралцаж, улс орондоо хэрэгтэй, мэдлэг чадвартай боловсон хүчин болоорой” хэмээн захилаа.
Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулж өглөө. Түүнчлэн улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудыг салбарын болон намын одон медалиар шагнаж урамшууллаа.
Х.Зават: 200 гаруй хүүхдийн асуудлыг шийдээд өгч байгаад үнэхээр их баярлаж байна
/Баянзүрх дүүргийн II хорооны иргэн/ -Д.Оюунхорол УИХ-ын гишүүн болчихоод удаагүй байхдаа иргэдтэйгээ эргэх болбоотой байж, анхныхаа уулзалтыг ийнхүү зохион байгуулж байгаад баяртай байна.
Ингэж ойрхон уулзах нь битгий хэл бүтэн дөрвөн жил нэг ч удаа сонгогчдынхоо царай хардаггүй УИХ-ын гишүүн зөндөө байдаг.
Эмэгтэй хүний нарийн ухаан энэ төрд хэрэгтэй гэдгийг харуулах цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг гэдэгтэй маргах хүн цөөн биз. Тухайлбал, хэдхэн хоногийн дараа хичээл, сургууль эхлэх гэж байна.
Тиймээс ч амьжиргааны төвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэж, оюутнуудад үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардуулж байна. Хэрвээ эрэгтэй хүн байсан бол энэ нарийн зүйлийг мэдрэхгүй.
Төр засаг хямраад сүүлийн хэдэн сар хүүхдийн мөнгө ч өгөхгүй байна. Тиймээс ч орлого гээд байх зүйлгүй хүүхдийнхээ мөнгөөр сургуулийнх нь бэлтгэлийг базаадаг айл өрхүүд хэцүүдэж байгаа. Тиймээс 200 гаруй хүүхэд шинэ цүнхээ үүрээд сургуульдаа очно гэдэг бол маш том нэмэр болж буй хэрэг.
Эдийн засгийн хямралаас болоод ажилгүй болж байгаа иргэд олон байна. Наймаа хийгээд ямар ч орлого орохгүй болчихлоо. Гэтэл сургуулийн хүүхдийн хичээлийн хэрэглэл ямар үнэ өртөгтэй байгаа билээ.
Ганцхан үзэг балны сав авлаа гэхэд л 5-8 мянган төгрөгийн өртөгтэй байх жишээтэй. Тиймээс хоногийн хоолоо яахаа мэдэхгүй байгаа хүмүүс хүүхдүүддээ хичээлийн хэрэглэлийг нь бүрэн бэлтгээд сургуульд нь явуулна гэдэг чанга байна.
Харин манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн маань 200 гаруй хүүхдийн асуудлыг ингээд шийдээд өгч байгаад үнэхээр их баярлаж байна. Тиймээс цаашдаа ч олон сайн ажил хийж, ард иргэдийнхээ амьдралтай ойрхон байж, жаргал, зовлонг нь байнга сонсч байгаасай гэж хүсч байна.