"Сонгуулиас сонгууль хооронд төрийн албаныхны ажлын байраар ТОГЛОХОО болих цаг болсон"
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2016.08.08

"Сонгуулиас сонгууль хооронд төрийн албаныхны ажлын байраар ТОГЛОХОО болих цаг болсон"

Засгийн газар ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах гэж буйтай холбогдуулан МҮЭХ-оос мэдээлэл хийж, Засгийн газарт санал хүргүүлснээ мэдэгдлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "МҮЭХ-ноос 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг сануулж, тодорхой саналуудыг Засгийн газар, Ерөнхий сайдад хүргүүлээд байна. 

Төрийн ажил тэр дундаа УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа залгамж чанартай, өмнөх засгийн үед хэрэгжүүлж амжаагүй зүйлсээ гүйцэлдүүлн, сайныг нь авч үлдэж, алдааг нь засаж залруулах учиртай. Өмнөх засгийн үед МҮЭХ, МАОЭНХ/Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо/, Засгийн газар хооронд Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээр байгуулж, тодорхой зүйлүүд дээр тохиролцсон. Харамсалтай нь зарим тохиролцоо хэрэгжсэнгүй.

Ойрын хугацаанд 2016 оны улсын төсөвт тодотгол хийнэ. Энэ тодотголоор төрийн албан хаагчдын цалинг нэмэх 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргаж, өмнөх засгийн газрын үед хэрэгжүүлж чадаагүй ажлыг гүйцэлдүүлэх саналыг дахин тавьж байгаа юм. Бидний зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлтэл нь Засгийн газарт байнга сануулж байх болно. Монгол Улсын Засгийн газар гэдэг бол аль нэг улс төрийн хүчний өмчилсөн Засгийн газар биш учраас залгамж чанартай, тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой. 

Мөн сонгуулиас сонгуулийн хооронд төрийн албан хаагчдын ажлын байраар тоглохоо болих цаг болсон. Үүнээс үүдэн иргэд, хөдөлмөрчид сонгуулиас сонгуулийн хооронд эрх ашгаараа хохирсоор байна.

Төрийн албан хаагчдын цомхотголоос 5.4 тэрбум төгрөг хэмнэх бололцоо байгаа талаар Засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн байна гэдэг нь цомхотгол хийх бодлого агуулагдаж байгаа харуулж байгаа. Энэ асуудлыг яаран шийдэхгүй нарийн судлах байх гэж бидний зүгээс найдаж байна. 

Төрийн албан хаагчдын ажлын байрыг баталгаатай тогтвортой байлгах нөхцөл боломжоор хангаач ээ гэсэн ажил хэрэгч саналыг МҮЭХ-ноос гаргаж байгаа. 

МҮЭХ-ны зүгээс зөвхөн санал, шаардлагууд хүргээд байх биш хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна гэдгээ хэлмээр байна" гэлээ.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУЛГАМДСАН, ХҮЛЭЭГДЭЖ БУЙ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛСЭН САНАЛ

МҮЭ-ийн холбооноос иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын хувьд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлзлцээр, Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн төрийн залгамж чанар, улс төр, нийгэм, эдийн засаг, иргэдийн хөдөлмөр, аж байдлын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудлуудыг хүргүүлж байна.

  1. Хямралын нөхцөлд ажилчдыг цомхотгохгүй байх бодлого баримталж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь үндэслэлгүй халж, сольж төрийн байгууллагуудын залгамж чанар, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахгүй байх.
     
  2. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт хэлэлцээр болох “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолын 1.10 дахь заалтыг хэрэгжүүлж Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх.
     
  3. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг авч иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх.
     
  4. Дунд  хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа иргэдийн нийгмийн хамгаалал, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар ядуурал, орлогын хомсдолыг арилгахад чиглэсэн бодлого баримтлах, Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх.
     
  5. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлтөөс хамгаалж жил бүр индексжүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох төсөвт тусгаж байх асуудлыг цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индөксжүүлэх хууль гарган зохицуулах, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, зах зээл дээр хэрэглэгчийг хамгаалах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн "Үнэ бүрдэлтийн тухай хууль"-ийн төслийг нийгмийн түншүүдтэй хамтран боловсруулах.
     
  6. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтыг харгалзан дотоодын түлш шатахуун, бензиний үнийг бууруулах.
     
  7. Эдийн засгийн хямралын үед тогтвортой, бүтээмжтэй, баталгаатай зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг хангасан ажлын байрыг олноор бий болгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн бүгээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг асуудалд онцгой анхаарсан бодлого хөтөлбөрийг нийгмийн түншлэлийн талуудтай хэрэгжүүлэх.
     
  8. Эдийн засгийн хямралыг даван туулахад иргэн бүрийн хүч, сонирхол, идэвх чармайлтыг дэмжих, оролцооны эдийн засгийг хөгжүүлэх, компанийн нийгмийн хариуцлагыг бодитой болгохын тулд ажиллагчид, тэдгээрийн гэр бүлийн хүмүүсийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, ажилтанд цалингаас өөр орлогын шинэ эх үүсвэр бий болгох үүднээс “Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр /ESOP/-ийг хөгжингүй орнуудын туршлагаар хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг буй болгох асуудлыг шийдвэрлэх.
     
  9. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81, “Хөдөө, аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129, “Нийгмийн хамгааллын тухай” 102 дугаар Конвенцуудад нэгдэн орох.
  10. Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төсөөлөлтэй холбогдуулан нийгмийн түншүүд болох МАОЭНХ, МҮЭ-ийн холбооны саналыг авч тусгах.

Эдгээр саналуудыг нухацтай судлан үзэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын читэлээр Засгийн газрын шинэ бодпого, зорилтыг тодорхойлон хэрэгжүүлэхдээ анхааран үзэж нийгмийн түншпэлийн хүрээнд МҮЭ-ийн холбоотой идэвхтэй ажил хэрэгч хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.