Сайд хэлсэндээ хүрчээ, БАЯРЛАЛАА
Сайд хэлсэндээ хүрчээ…
“Сайд ирэхгүй ээ” гэж бичихэд тэрбээр Төв цэвэрлэх байгууламж дээр нэг өдрийг өнгөрөөж, ажлын байрны нөхцөлийг шинэчлэн тогтоох баг томилсон.
“Сонгуулийн шоу байжээ” хэмээн хүн бүр итгэл алдарсан энэ үед хэдий сунжирсан ч амлалтаа биелүүлсэн байна.
Энэ өгүүлбэрүүд цэвэрлэх байгууламжтай хувь заяагаа холбосон, тэнд амьдралынхаа бүхий л цаг хугацааг өнгөрүүлдэг хэн бүхний мэлмийг баясгаж сэтгэлд гэгээ өгөх нь дамжиггүй.
Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжийн 170 гаруй, Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн 50 орчим, 21 аймгийн цэвэрлэх байгууламжийн ажилчин гээд энэ салбарт хүчин зүтгэж буй хэн бүхэнд хамаатай Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал гарлаа.
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН 160 ГАРУЙ ХҮН 5-10 ЖИЛИЙН ӨМНӨ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
“Тэтгэвэрт гарч амжилгүй өөд болсоор байгаа нь ХОРТОЙ гэж тодорхойлох хангалттай шалтгаан биш үү” гэж бичиж байсан нь саяхан.
Тэгвэл “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Хөдөлмөр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А193/А77 тушаалаар цэвэрлэх байгууламжийн дараах 40 гаруй ажлын байрыг ХҮНД, ХОРТОЙ ангилалд шилжүүлэв.
ХОРТОЙ НӨХЦӨЛД
- Төвлөрсөн системийн насос станцын машинч
- Ээлжийн машинч
- Идэвхит лагийн машинч
- түүхий үлдэцийн машинч
- Агааржуулах станц машинч
- Бохир усны шугам хоолойн техникч
- Бохир усны шугам хоолойн засварчин
- Цэвэрлэх байгууламжийн цахилгаан ба хийн гагнуурчин
- Хими бактерилогийн лабораторын бактериологч, химич, лаборант, дээж авагч, шил сав угаагч
- Тоног төхөөрөмжийн инженер, засварчин
- Бохир ус сорох машины жолооч
- Цахилгааны техникч
- Тоног төхөөрөмжийн техникч
- хяналтын техникч
- ээлжийн техникч
- хром сульфидын станцын машинч
- Фильтр прессийн оператор
- Центрфугийн машинч
- Сараалжийн машинч
- Элс, тос баригч, тунгаагчийн машинч
- Лаг талбайн оператор
- Халдваргүйжүүлэх станцын оператор
- Хлорын засварчин
- Лаг усгүйжүүлэх байгууламж, лаг талбайн техникч зэрэг ажлын байрууд багтжээ.
Эдгээр ажлын байранд хийсэн эрүүл ахуйн хэмжилтийн дүн, ажиглалт судалгаанд Химийн бодисын ууршилт /аммиак, хүхэрт устөрөгч, хромын оксид, хартугалга/ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2-3 дахин их байгааг тогтоосон байна.
Үүн дотроо хүний ялгадас, үйлдвэрээс гарсан химийн бодисын хаягдалтай хамгийн эхэнд харьцдаг, хуримтлагдсан лаг бүхий дамжлага бүрээс дээж авч шинжилгээ хийдэг ажлын байруудын сөрөг нөлөөллийг арилгах боломжгүй учир хортой нөхцөлд хамруулах үндэслэлтэй гэж үзжээ.
ХҮНД НӨХЦӨЛД
- Бохир усны төвлөрсөн цэвэрлэх байгууламжийн биошүүлтүүр, эаротанк, насос талбайн оператор
- Узель, бойлерын засварчин
- Лаг зөөврийн машинч жолооч
- Механик технологийн инженер
- Насосны оператор
- Машинт заалны машинч
- Шүүх талбайн оператор
- КУ- гийн машинч
- Цахилгааны инженер, цахилгаанчин, монтёр
- Хувцас угаагч
- Автын засварчин
- Машинч засварчин
- Лаг ачиж, түрэх механизмын оператор
- Автоматик хянах, хэмжих хэрэгслийн техникч, инженер, засварчин зэрэг мэргэжлийн хүмүүс орлоо.
Ажил үүргийн хувьд бусад ажлын байртай харьцуулахад ачаалал, шуугиан, доргион ихтэй учир хүнд нөхцөлд оруулах нь зүйтэйг Хөдөлмөрийн мэнд судлалын үндэсний төвөөс тогтоожээ.
Энд нэмж хэлэхэд өмнө нь цэвэрлэх байгууламжийн нэг ч ажлын байр ХОРТОЙ нөхцөлд байгаагүй бөгөөд хоёр сайдын баталсан энэхүү тушаалаар зөвхөн Төв цэвэрлэх байгууламжийн хувьд л 110 ажилтан хортой нөхцөлд шилжиж 10 жилийн өмнө, 50 гаруй албан хаагч хүнд нөхцөлд орж таван жилийн өмнө тэтгэвэрээ тогтоолгох боломжтой болж байна.
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ЦАГИЙН 120 ТӨГРӨГӨӨС 600 ТӨГРӨГ БОЛЛОО
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард цэвэрлэх байгууламжид сурвалжлага хийснийхээ дараа “Лагтай зууралдсаны сарын нэмэгдэл ердөө л 20000 төгрөг, нэг хошуувч” гарчигтай нийтлэл бичиж байлаа.
Хүн тогтож саатахын аргагүй өмхий, жихүүцэс хүрэм орчинд амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрөөдөг хэрнээ нөхцөлийн нэмэгдэл буюу цагийн 120 төгрөг авдаг гэхэд үнэндээ гайхаж зогссон.
Гэтэл өнөөдөр бас нэгэн гайхалтай мэдээг Төв цэвэрлэх байгууламжийн ХАБЭААХ инженер С.Загдбазараас сонслоо.
“Бидний нөхцөлийн нэмэгдэл цагийн 600 төгрөг болон нэмэгдсэн шүү. Энэ сарын цалингаас хүлээж сууна” гэв.
Түүнээс гадна бүх ажилчин сүү ууж чаддаггүй байсан бол өнөөдөр бүгд сүү төдийгүй “Артишок”-оор биеийнхээ хорыг тайлах болжээ.
Хувцас хэрэглэл, хангамж өмнөхөөсөө мэдэгдэхүйц сайжирсан гээд цэвэрлэх тойрсон ажилчдын асуудал цэгцэрсээр л байна.
Одоо Төв цэвэрлэх байгууламжаа шинээр барьчихвал ч асуудлыг нэг мөр цэглэнэ дээ…
ХОГ ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫН АЖЛЫН БАЙР “ХҮНД” НӨХЦӨЛД ШИЛЖЛЭЭ
Нийслэлийн хэмжээнд нийт 250 орчим хог тээврийн жолооч байдаг гэх тооцоо бий. Хоёр сайдын хамтарсан тушаал тэдэнд ч бас өгөөжөө өгчээ.
Учир нь дээрх тушаалаар насаараа хогтой зууралддаг жолооч нарын ажлыг “ХҮНД” нөхцөлд шилжүүлсэн байна.
Ингэснээр мөн л 250 орчим жолооч таван жилийн өмнө тэтгэвэртээ гарч үр хүүхдүүдтэйгээ амар жимэр амьдрах боломж бүрдэх нь…
Энэ мэт эрдэнэт олон хүний амьдралд өөрчлөлтийг авчрах үйлсэд гар татаагүй Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт талархал илэрхийлье.
Гэхдээ цэвэрлэхийн ажилчдын нөхцөлийг ХҮНД, ХОРТОЙ-д шилжүүлж, нөхцөлийн нэмэгдлийг нэмсэн нь уг асуудлыг бүрэн шийдвэрлэсэн хэрэг бус бөгөөд олон ажилтны эрх ашиг шинээр цэвэрлэх байгууламж баригдах хүртэл хөндөгдсөөр байх болно гэдгийг эрх бүхий хүмүүст сануулъя.