Улс төрийн нам бизнесийн бүлэглэлд үйлчилдэг болжээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2012.05.03

Улс төрийн нам бизнесийн бүлэглэлд үйлчилдэг болжээ

МАН бага хурлаа хийх үеэр гурван гишүүн нь өрх тусгаарлан, МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн билээ. Харин эдгээр гишүүдтэй хамт УИХ дахь МАН-ын бүлгээсээ татгалзаад байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАН-даа үлдсэн ч бага хурлын гишүүнээс нь түдгэлзүүлсэн. Тэрээр энэ үйлдлийг намын дүрэм зөрчсөн хууль бус үйлдэл болсон гэж буруутгаж байгаа юм. Гишүүн Ц.Даваасүрэн энэ талаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийвТэрээр “Намын дүрмээр тухайн намаас УИХ-д сонгогдсон гишүүн намын бага хурлын гишүүн байх зарчимтай. Би өнөөдрийг хүртэл намын гишүүнээр байгаа. Удирдлагууд яаж хандаж байгаагаас бус, намын нөхдөөсөө асууж байж энэ асуудлыг шийднэ гэсэн байтал бүлгээс гарсан гэдгийг намаасаа гарлаа гэж ойлгосон уу. Эсвэл намайг өөр намд орсон гэдэг ойлгов уу, ийм шийдвэр гаргасанд нь харамсаж байна. 

Бага хурлын гишүүнээс хассан явдал нь ёс зүйн хувьд буруу алхам. УИХ-ын гишүүнийг улстөрийн нам шийтгэх ёсгүй. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл байдаг. Би гишүүний хувьд тойргийн иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг төлөөлөөд явж байгаа. Үндсэндээ тухайн гишүүнийг өөрийн төлөөлөлтэй нь хамт шийтгэж байгаагаас ялгаагүй. Намайг бага хурлын гишүүнээс чөлөөлсөн нь сонгогчдыг маань хүндлэхгүй байна гэсэн үг. Намаас гарах тухай асуудал яригдах тийм өдөр ирвэл би сонгогчидтойгоо хамт явна. Өнөөдрийг хүртэл миний баримтлаж байсан зарчим бол аливаа асуудалд тос нэмэхгүй байх явдал байсан. Энэ байр сууриндаа ч байгаа. Энэ ч үүднээс МАН-аас яаран гарахыг бодоогүй. МАХН, одоогийн МАН нэг л угшилтай.

Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болж байгаа том улс төрийн хүчин хагарна гэдэг сайн зүйл биш. Хагарч сонгуульд оролцоод аль нь ч амжилт олохгүй. 2000 оны Ардчилсан намын гашуун түүхийг давтаж байгаа хэрэг гэж би бодож байгаа учраас энэ хагаралд хувь нэмэр оруулъя гэсэн бодолгүй өнөөдрийг хүрлээ. Гол нь намын удирдлагын алдаатай бодлогоос болж УИХ-ын сонгуулийн дараа энэ нам хүнд байдалд битгий ороосой гэдэг үүднээс болж буй үйл явдалд тэвчээртэй хандаж ирсэн" гэв.Мөн тэрээр, сүүлийн үед манай нам хөрөнгө мөнгөндөө баярхаж аархсан хүмүүсийг дэмжих хандлага байна уу даа гэсэн байдал надад ажиглагдаж байгаа. Үүнд бид шүүмжлэлтэй ханддаг.

Улстөрийн амлалтыг биелүүлэх, ХЗДХ-ийн сайдыг огцруулах, уул уурхайн салбар, стратегийн ордууд дээр төрийн бодлогоо тодорхойлооч гэсэн шаардлагыг биелүүлээгүй, мөн намын бүлэг улс төрийн дэмжлэг үзүүлээгүй учраас бүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлсэн" гэлээ.