МАН Ард түмний дунд хамгийн бүдүүлэг авирыг гаргаж байна
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын гишүүд намынхаа бүлгээс гарлаа
2012.05.02

МАН Ард түмний дунд хамгийн бүдүүлэг авирыг гаргаж байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын гишүүд намынхаа бүлгээс гарах болсон тухайгаа мэдэгдэж өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах, Стратегийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхийг МАН-ын удирдлагад тавьсан. Энэ асуудлыг шийдэх ёстой газар нь МАН-ын бүлэг. Гэтэл бидний саналыг дэмжээгүй аж. Энэ нь бүлгээс гарах хамгийн том үндэслэл ч гэлээ намаас гарч байгаа ойлголт биш гэдгийг тэдгээр гишүүд хурлын үеэр хэллээ.

Ч.Улаан: Анх элссэн намаа сэргээнэ гэж бодож байна

-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-аар тодорхой асуудлыг хэлэлцэж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Энэ асуудлыг хэлэлцэхэд бидний гишүүд анх тавьсан байр суурин дээрээ хатуу зогсч, удирдах зөвлөл бүлгээс гарсан шийдвэртэй нэгдээгүй. Тиймээс эдгээр асуудлуудад дүгнэлт хийж, цаашид ч гэсэн зарчмын байр суурин дээрээ хатуу зогсоно гэж санал нэгдэж, УИХ дахь МАН-ын бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

 Ц.Даваасүрэн: МАН амлалтаа биелүүлэхийг огт хүсэхгүй байна

 -Бүлэг бол улс төрийн шийдвэр гаргахад зориулсан УИХ-ын бүтэц. Бидний тавьсан асуудлыг УИХ-ын бүтэц дэмжээгүй учраас бүлгээсээ гарч байна. Ер нь зөвхөн ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудал ч бус улс төрийн амлалттай холбоотой зүйл байгаа. Ялангуяа Ерөнхий сайдад уул уурхайн асуудлаар тодорхой шийдвэр гаргах хүсэлт тавьсан. Гэтэл энэ бүгд огт хэрэгжихгүй байгаа хэр нь чоно борооноор гэгчээр сонгуулийг далимдуулаад байгалийн баялгийг захаас нь зараад эхэлчихлээ. Үүнийг зохицуулах ёстой гол бүтэц нь биднийг дэмжихгүй байгаа учраас намын бүлэгт ажиллах хэрэг алга. Намын бүлгээс гарч байна гэдэг нь МАН-аас явж байна гэсэн үг биш. Тусдаа асуудал шүү дээ. МАН-ынхан өөрсдийн хүрээллээсээ санал авах бус мөнгөөр бүх зүйлийг болгоно гэдэг итгэлтэй байна. Тэгвэл масс амлалтаа хэрхэн биелүүлсэн бэ гэдгийг харна. Харин МАН амлалтаа биелүүлэхийг огт хүсэхгүй байна.

Д.Тэрбишдагва: МАН МАХН-ын үсэрсэн цус, тасарсан мах гэж бодож байна

 -Нийт найман гишүүн Ц.Нямдорж сайдын асуудлыг УИХ-д тавьж, улс төр, ёс зүйн хариуцлага хүлээлгэх талаар тодорхой санал тавьсан. Ёс зүйгүй асуудлыг бүлэг олонхиороо хаацайлж хариуцлага хүлээлгэсэнгүй. Бид хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзсэн учраас ийм алхамд хүрэхээс өөр аргагүй болж байна. Улстөрч хүнд ёс зүй хариуцлага гэж маш чухал. Хоёрдугаарт өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 14-нөөс эхлээд МАН-ын дарга, удирдлагуудад Оюутолгой, Тавантолгой, намын эв нэгдлийн асуудлаар олон удаа захидал өгсөн ч хэрэгжихгүй байна. Тиймээс МАН-ын бүлгээс гарч байна. Ер нь бол МАН, МАХН-ыг бодохдоо үсэрсэн цус, тасарсан мах гэж бодож байна. Бид энэ хоёр намыг эвтэй найртай байгаасай гэж бодож байна. Ийм учраас нэг угшил гаралтай хүмүүс тангараг тасарч болохгүй. Өөр үзэлтэй намыг өвөр түрийндээ оруулж болсон болохоор хоорондоо эвтэй байгаасай гэдэг асуудлыг олон удаа хэлсэн. Миний хувьд 2004,2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө харлаа. Өөрөөр хэлбэл, би МАХН-аас хоёр удаа УИХ-д нэр дэвшин, иргэд сонгогчдын итгэлийг даан гарсан. Надад МАХН-ын батлах байгаа. Түүнийгээ буцааж өгөөгүй. Энэ батлах дээрээ сэргээв гэсэн тамга даруулах болно.

О.Чулуунбат: МАН ард түмний дунд хамгийн бүдүүлэг авирыг гаргаж байна

 -Монголчуудын дунд бичигдээгүй хуулийг эрхэмлэж ирсэн. Төр засгийг бүрдүүлж, удирдаж байгаа МАН маань өөрөө ард түмний дунд хамгийн бүдүүлэг авирыг гаргаж байна. Үүнээс үндэслээд намын бүлгээсээ гарах болсон юм.