”Хоёр намаа тасарсан мах, үсэрсэн цус гэж боддог”
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн
2012.05.02

”Хоёр намаа тасарсан мах, үсэрсэн цус гэж боддог”

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр­­­ын ба­рив­­чилгаатай хол­­­боотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар өргө­­дөл гар­ган, УИХ-д асууд­лыг нь оруулсан найман гишүүнээс дөрөв нь өчигдөр хэв­лэлийн хурал хийлээ. Тэдний хөндсөн асуудлыг, тодруулбал Ц.Нямдоржийг нам нь олонхоор түрий барин хамгаалж үлдэх нь тодорхой болсон тул тэдгээр гишүүд өөрсдийгөө намын бүлэгт байсны хэрэг байхгүй нь хэмээн үзэхэд хүргэжээ. Энэ талаар тэд дараах байр суурийг илэрхийлсэн байна. Сэтгүүлчид тэдгээр гишүүдээс “намын бүлгээс гарна гэдэг нь намаас гарна гэсэн үг мөн үү”, “МАХН-д элсэх гэж байна уу”, “Тойрог олдохгүй болоод намаасаа гарах гэж байгаа юм уу” гэх асуултыг асууж байлаа.
Ч.Улаан: Би хувьдаа уугуул намаа сэргээх бодолтой байгаа
-Бид намын Удирдах зөвлөл, бүлгийн шийдвэртэй санал нэгдэж чадаагүй. Иймд МАН-ын бүлгээс гарч буйгаа албан ёсоор зарлаж байна. Энэ шийдвэрийг гаргахдаа өөрсдийн итгэл үнэмшлээр сонголт хийж байна. Өнөөдөр зүүний чиглэлийн хоёр нам зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байгаад ч буруу өгөхгүй байна. Намууд сонгуульд эвсэн оролцох үйл явц харагдаж байна. Ингэж хамтрах нь их чухал, шударга нам хүчин бүр хамрагдах хэрэгтэй. Бидний тавьж буй асуудал нь намаа ирэх сонгуульд амжилттай оролцоосой л гэх санаатай. Цаашид намаа яах вэ, гэдэг нь хувь хүн бүрийн сонголт байх. Би хувьдаа уугуул намаа сэргээх бодолтой байгаа. МАХН-д элсэх үү гэх асуултад “Элсэнэ, элсэхгүй гэж ярихгүй байх. Харин сэргээх гэж ярьж байна” хэмээн хариулна” гэв.
Ц.Даваасүрэн: Сонгуулийн өмнө нэг сая төгрөгийг тараах боломж байхгүй
-Бидний тавьсан асуудлыг улс төрийн бүтцийн байгууллага болох бүлэг шийдсэнгүй. Би тойрог бодож ийм алхам хийгээгүй. Гол нь намын нэрийн ард сонгогдох гэсэн хэсэг, мөнгөөр сонгууль хийнэ гэж бодоцгоож байна. Сонгуул­ийн өмнө нэг сая төгрөгийг тараах боломж байхгүй. Иймд бид амлалтыг ямар байдлаар хэрэгжүүлэх тухай ярилцах ёстой. Ч.Улаан, О.Чулуунбат болон миний бие санхүүгийн талаар бага сага юм гадарладгийнхаа хувьд хэлэхэд боломжгүй зүйлийг хийх гэж оролдохын оронд өөр арга замын талаар ярилцахыг чухалчилж байна. МАН-ын удирдлагаас ингэдэд хандаж буй хандлага нь таалагдахгүй байгаагаас бүлгээс гарах шийдээ гаргасан. МАХН-д орох эсэх сонголтыг хийхдээ МАН-ын цөм юу гэж үзэх вэ гэдгийг харгалзах болно. Ард түмний төлөөлөл болж байгаа гишүүний тавьсан асуудалд улс төрийн дэмжлэг үзүүлж шийдэхгүй байгаа учраас миний хувьд намын бүлэгт ажилласны хэрэг гарахгүй байна гэж үзсэн. Гэхдээ намын бүлгээс гарч байна гэдэг нь намаасаа гарч байна гэсэн үг биш. Энэ бол тусдаа асуудал.
Д.Тэрбишдагва: Ямар ч хамаагүй аргаар Ц.Нямдоржийг авч үлдэх гэж байна
-Нийт найман гишүүн Ц.Нямдоржийн асуудлыг тавьж, улс төр ёс зүйн хариуцлага хүлээлгэх гэсэн. Ядаж ийм ёс зүйгүй асуудлыг олонхиор хайцаалах учиргүй. Тэртэй тэргүй хариуцлага хүлээлгэхгүй юм байна. Энэ асуудлаас гадна олон асуудал дээр хариуцлагагүй хандаж буй талаар нь хэлж л байсан. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 14-нөөс эхлээд намын удирдлагад Оюутолгой, Тавантолгойн асуудал, намын эв нэгдлийн асуудал, хэн нэгэн нөхөр нь намынхнаасаа өөр сонголт хийхэд араас нь янз бүрээр хочилдог мөрддөг байдал, амлалтын асуудлаар бид олон удаа захидлаар, бичгээр саналаа өгсөн боловч харамсалтай нь, тэр бүгдийг засч залруулах үйл ажиллагаа хийгээгүй. Ийм ийм шалтгаанаар МАН-ын бүлгээс гарч байна.
Өнгөрсөн хугацаанд хэлж ярьж байсан хэвлэлийн хуудсан дээр цагаан дээр хараар бичигдэн үлдсэн байх. Бид өнөөдөр л хариуцлагын тухай ярьж байгаа юм биш. Хариуцлагатай ажиллаач гэж шаардсан ч болохгүй байна. Ц.Нямдоржийг ямар ч хамаагүй аргаар авч үлдэх гэж байна. Ер нь МАН, МАХН-ыг бид үсэрсэн цус, тасарсан мах гэж боддог. Өөр үзэл бодолтой намыг өвөр түрийдээ оруулж болсон атлаа нэг угшил гаралтай намтай яагаад нэгдээд хамтраад явж болохгүй гэж. Намайг гарах тухай сонссон хүмүүс та анхны намаа сэргээх гэж байна уу гээд өчигдөр утас улайстал ярьсан шүү. Бидэнд бүгдэнд нь МАХН-ын батлах бий. Бид энэхүү батлах дээрээ “сэргээв” гэсэн дардас даруулах байх гэсэн бодолтой байна.
О.Чулуунбат: МАН бүдүүлэг авир гаргалаа
-Монголчуудын хувьд ёс зүйн бичигдээгүй хууль бий. Төр засгийг бүрдүүлж бай­гаа МАН энэ намынхаа нэр хүндэд нөлөөлсөн бүдүүлэг авир гаргасан. Төр засаг нь өөрөө энэ бичигдээгүй хуулийг зөрчөөд байгаа учраас ийм шийдвэр гаргахад хүрлээ. Энэ бол улс төрийн гэхээс илүү ёс сур­тахууны сонголт. Үүнээс үндэс­­лээд ийм шийдвэр гаргасан гэв.Тэдгээр хэвлэлийн хурал зарлагсад замаасаа буцсан гишүүдийнхээ талаар байр суурь илэрхийлэхийг хүсээгүй бөгөөд “яагаад замаасаа буцсаныг тухайн гишүүнээс өөрөөс нь асуусан нь дээр байх” гэв.